logo
Мьянмарын ерөнхийлөгч Австрали улсад айлчлалаа эхлүүлээ

Мьянмарын ерөнхийлөгч Австрали улсад айлчлалаа эхлүүлээ

2013/03/19
Даваа гаригт Мьянмарын ерөнхийлөгч Тейн Сейн Австрали улсад хийх албан ёсны гурван өдрийн айлчлалаа эхлүүлээ. Энэхүү айлчлал нь Мьянмарын төр засгийн тэргүүн 1974 оноос хойш тус улсад хийж байгаа анхны айлчлал болж байна. Айлчлалынхаа хүрээнд Тейн Сейн Австралийн ерөнхий сайд Жулиа Гиллардтай уулзаж хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ.Тейн Сейн Мьянмар улсыг энх тайван, ардчилал, хөгжил цэцэглэлтийн зам руу шилжихэд Австрали улс ямагт тусалж, дэмжиж байдгийг онцлоод “Мьянмар улсад цэргийн дэглэмээс ардчилсан нийгэм рүү, 60 жилийн турш үргэлжилсэн зөрчил мөргөлдөөнөөс энх тайван руу,  төлөвлөгөөт эдийн засгаас бүх ард иргэдэд ижил тэгш боломж олгох нээлттэй эдийн засаг руу шилжих шилжилт явагдаж байгаа” болохыг хэлж байлаа.  Харин үүний хариуд Австралийн ерөнхий сайд Жулиа Гиллард “Иргэдийн оролцоотой засгийн газрыг бий болгох, Мьянмарын ард түмний эрх ашгийг хамгаалах, үндэстэн ястан хоорондын эв найрамдлыг дэмжих болон дэлхийд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх журмыг дагаж мөрдөхөд Австрали улс туслаж, хамтрагч байна” гэдгээ илэрхийлжээ. “Бид зөвхөн анд найз байгаад зогсохгүй, бие биедээ туслаж дэмждэг түншүүд байх болно” хэмээн Жулиа Гиллард хэлээд тун удахгүй Мьянмар улсад элчин сайдын яамаа нээнэ гэдгээ дуулгажээ. Гэвч Австрали улс Мьянмарт тавьсан цэргийн хоригоо хэвээр нь үлдээнэ гэдгээ мэдэгдснээс гадна Мьянмарын батлан хамгаалах салбарт туслалцаа үзүүлж, худалдааны салбартай хамтран ажиллана гэдгээ хэлжээ.  Мөн Австрали улс Мьянмарын ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, эдийн засаг, хуулийн дүрэм журмыг сайжруулахад тусламж дэмжлэг болгож 20 сая америк доллар хандивлахаар боллоо.  Мьянмар улс нь 2011 онд хагас зууны турш үргэлжилсэн цэргийн дэглэмийг устгаж, иргэдийн оролцоотой засгийн газрыг бий болгосон. Гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах үүднээс дэд бүтцээ сэргээн засварласан юм. Мөн улс төрийн хэргээр шоронд хоригдож байсан олон зуун хоригдлуудыг чөлөөлж ардчиллын зам руу эргэлт буцалтгүй орж байгаагаа дэлхий нийтэд тунхаглан зарласан. Мьянмарын ерөнхийлөгч лхагва гаригт Австрали улсад хийх айлчлалаа өндөрлөж Шинэ Зеландыг зорино. Тэрээр Шинэ Зеландад дөрвөн өдрийн айлчлал хийхээр төлөвлөжээ.
Д.Амар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш