logo
Азийн уул уурхайн чуулган боллоо

Азийн уул уурхайн чуулган боллоо

2013/03/20
Сингапур Улсад “Asia Mining Congress-2013” 9 дэх удаагийн чуулга уулзалт энэ сарын 13-14-нд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү Чуулга уулзалтад Ази, Австрали, Хойд Америк, Африк, Латин Америк, Канад гэх мэт 30 орчим орны уул уурхайн салбарын 2000 гаруй төлөөлөгч болон мэргэжилтнүүд оролцов.

Тэдгээрийн дотор дээд түвшний гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл 70, Азийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн гишүүд 45 орчим хувийг эзлэж,  50 гаруй уул уурхайн салбарын төсөл хэрэгжүүлэгчид, 200 гаруй уул уурхайн компани, 70 гаруй спонсор компани, 20 гаруй Засгийн газрын төлөөлөгч байсан бөгөөд хайгуулын компаниуд, брокерын пүүс, тоног төхөөрөмжийн хангамж үйлчилгээний салбар, банк болон санхүүгийн байгууллага, хуулийн компаниуд ч төлөөлөгчөө оролцууллаа.

Энэ удаагийн чуулганы онцлог нь оролцогчид тогтмол хөрөнгө оруулалтыг эрэлхийлэх, стратегийн чухал хамтрагчаа олох, Азийн түлхүүр компаниудтай харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжийг түлхүү олгосон арга хэмжээ боллоо.

Мөн Хөгжиж буй уул уурхайн байгууллага болон оны шилдэг Азийн уул уурхайн компанийн захирал, Азийн уул уурхайн мэргэжилтэн, хөрөнгө оруулагч, шилдэг удирдлага зэргийг шалгаруулснаа зарлаж, шагнал гардууллаа. Нийт 89 илтгэгч илтгэл тавьж, уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөв байдал, хөгжиж буй зах зээл дэх уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт, хайгуул шинжилгээний шинэ хөгжил, зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол Улсыг төлөөлөн Уул уурхайн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жавхланболд “Монгол улс дахь уул уурхайн өнөөгийн нөхцөл байдал болон түүний бодлого зохицуулалтын өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж амжилттай оролцлоо. Уг илтгэлийн дараа “Силк Роуд Файнанс”, “Хан Инвестмент Менежмент”, “Эрдэнэ Ресорс Девелопмент” зэрэг уул уурхайн томоохон корпорациудын төлөөлөгчдийн дунд Монголын уул уурхайн хөгжил сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн юм. Тус чуулга уулзалтад хүндэт зочноор тус улсад суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа уригдан оролцлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш