logo
Итгэмжлэх захидлаа барив

Итгэмжлэх захидлаа барив

2013/03/20

Монгол Улсаас Вена дахь НҮБ-ын салбар төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилогдсон Элчин сайд Г.Батжаргал Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал Ю.Аманод Итгэмжлэх захидлаа барив. Ёслолын ажиллагааны дараа тэд Монгол Улс, ОУАЭА-ийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Элчин сайд Г.Батжаргал энэ жил Монгол Улс ОУАЭА-ийн гишүүнээр элссэний 40 жилийн ой тохиож буйг тэмдэглээд цөмийн технологийг энхийн замаар ашиглах, түүний дотор хорт хавдраас урьдчилан сэргийлэх, малын гоц халдвартай өвчинтэй тэмцэхэд тус байгууллагатай Монгол Улс үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв.

Ерөнхий захирал Ю.Амано Монгол Улс хорт хавдрын эмчилгээ, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр үлгэр жишээ хамтран ажиллаж байгаа орны нэг болохыг онцлон тэмдэглэж, цаашид эдгээр салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр зарим гэрээ конвенцид нэгдэн орж, сайд нарын түвшний олон улсын бага хурлуудад Монгол Улс идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Ю.Амано Монгол Улсад 2010 онд айлчилж байсан бөгөөд тус байгууллагын шугамаар өнгөрсөн хугацаанд 12 сая гаруй ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш