УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын даргын Ажлын хэсэгт багтаж зүүн аймгуудад ажилласан гишүүд бүс нутгийн хөгжлийн талаар ямар бодолтой ирэв?
- Аймаг болгон өөрийн онцлогтой. Орон нутгийн засаг захиргаа байгуулагдаж ажил нь жигдэрсэн аймгууд Их хурлаас очиж байгаа ажлын хэсэгт тавих асуудалтай, шийдүүлэх зүйлүүд ч тодорхой болсон байна.Тухайлбал, Хэнтий аймаг Чингис хааны төрсөн нутаг гэдгээрээ аялал, жуулчлалын шинэ цогцолбор хөгжүүлэх, түүгээр орон нутгаа тэтгэх, төсөвтөө мөнгө төвлөрүүлэхээ ярьж байна. Дорнод аймаг Засаг даргаа томилж чадаагүй маргаантай байгаа учраас тэнд зөвхөн улстөржилт, хэрүүл маргаан зонхилж байх жишээтэй. Харин Сүхбаатар аймагт бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явж байна. Засаг дарга нь орон нутгаа хөгжүүлэх гэсэн ирмүүн хүсэлтэй, тийм учраас аймгийн төвөөр орох бараг шаардлагагүй. Тэртэй тэргүй аймагт ажлууд хийгдэж байгаа. Жишиг хорооллууд бий болж байна. Аймгийн төв үнэхээр өнгө зүсээ засч, олон барилга байшин баригдсан нь бахархмаар. Иймээс тэд илүү том асуудал тавьж байна.
-Тухайлбал?
-Замын-Үүд чиглэлийн ачаа эргэлтийг бууруулах, иргэдэд хил, гаалын үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэхийн тулд Бичигтийн боомтыг олон улсын боомт хот болгоё. Зарим бараа, ачаа тээвэрлэлтийг татвал нэгдүгээрт, аймгийн хөгжилд хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, Замын-Үүд дэх хэт их ачааллыг бууруулна. Түүгээр дамжуулан олон бүтээн байгуулалт хийж болохоор байна гэсэн тодорхой, дорвитой, олон улсын хэмжээний асуудлуудыг санал болгож байна. Би ойрын үед ийм аймагтай таараагүй. Ажлын хэсэг Бичигтийн боомтод очсон. Гуравдугаар сарын 8 таарсан учраас тэнд богинохон хугацаанд ч болов хилийн манаанд зогсч Мартын 8-ныг сонирхолтой сайхан тэмдэглэлээ.
-Ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллахдаа Дорнод аймгийн Тамсагийн тал дахь газрын тосны олборлолтын байдалтай газар дээр нь танилцсан. Тэнд нөхцөл байдал ямар байна?
-Тэнд би 2006, 2007 онд очиж байсан, одоогоос 7-8 жилийн өмнө. Тэгэхэд тэнд нэг ч монгол ажилтан байгаагүй дандаа хятадууд ажиллуулдаг, бидний бараанаар хариуцлагатай хүмүүс нь зугатсан байдалтай, арав хүрэхгүй өрөм зоогдсон, туршилт хийж байгаа нь энэ гэж их хэмжээний тос гаргаж байсан. Өнөөдөр тэнд Тамсагийн талыг сэглэтэл маш олон өрөм тавьж, 700-800-гаад цооног гаргажээ. Ямар ч байсан бүтээгдэхүүн гарч байна. УИХ-ын дарга манай улс нефть экспортлогч, мөн нефть олборлогч орон болж байгаа нь томоохон ач холбогдолтойг хэлж байна. Миний хувьд “Петро Чайна Дачин Тамсаг”-тай Монголын Засгийн газрын 1993 онд байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг явахынхаа өмнө олж үзье гээд интернэтээс хайсан боловч олдоогүй. Одоо болтол нууцын зэрэглэлд байдаг юм байна. Тиймээс ирэнгүүтээ гэрээтэй танилцахаар албан бичиг өгсөн. Гэрээг үзэж байж олон зүйл тодорхой болно.
-Тэгвэл одоо тодорхой байгаа ямар асуудлууд байна. УИХ-ын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Одоо юу тодорхой байгаа вэ гэвэл, олборлосон тосны 40 хувийг шууд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани олборлолтын зардал буюу бусад зүйлдээ зориулж авдаг. Түүнийг бид хянах ямар ч боломжгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний онцлог тэр. Үлдсэн 60 хувьд нь бүтээгдэхүүний гаралтаас шалтгаалж 35-50 хүртэл хувийг Монголын тал авдаг ийм гэрээтэй байгаа.
Байр суурийн тухайд Бүтээгдэхүүн хуваах гэрээг 1993 онд буюу Монгол Улсын ашигт малтмалын салбарт гаднын хөрөнгө оруулалтыг татахад, төр, засгийн үндсэн бодлого чиглэгдэж байхад байгуулсан. Одоо бол уул уурхай, эдийн засгийн салбар, тэр дотроо уул уурхайн салбарт улс орны баримталж байгаа чиглэл өөрчлөгдсөн. Өнөөдөр хөрөнгө оруулалтыг татах биш гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллах тухай ярьж эхэлж байгаа. Ийм гэрээнүүд манай улсад хэрэгтэй. Тэгэхээр энэ хүрээнд “Петро Чайна Дачин Тамсаг” компанитай байгуулсан гэрээнд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагатай гэж харж байна.
-Ажлын хэсгийн гишүүний хувиар та “Петро Чайна Дачин Тамсаг” компанийнханд анхааруулж хэлсэн зүйл бий юу?
-Монгол Улсын уул уурхайн салбарт баримтлах бодлого өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээнд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орох ёстой. Дээр нь Монголын төр, засаг өөрчлөгдсөн. Бид 1993 онд ашигт малтмалаа ашиглаж үзээгүй, сайн мэдэхгүй, туршлага дутмаг байсан. Түүнээс алдсан юм ч их бий. Тухайлбал, бид “Бороо гоулд”-аа ямар ч ашиггүйгээр алдсан. Өнөөдөр Оюутолгой тийм ч ашиг тустай биш байна. Одоо алдаанаасаа суралцах учиртай. Тиймээс Бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөдрийн нөхцөлд үнэлж, дүгнэх зайлшгүй шаардлага бий. Өнөөдөр Монгол Улсын парламент өөрчлөгдсөн. Өнгөрсөн арав гаруй жилийн турш иргэний хөдөлгөөнүүд гудамжинд тэмцэж, уул уурхайн баялгийг, ашигт малтмалыг, ард түмний хөрөнгийг ард түмэнд ашигтайгаар зүй зохистой зарцуулах шаардлага тавьж, амьдралынхаа арван жилийг үүнд зориулсан цөөнгүй хүн энэ парламентад орж ирсэн. Янз бүрийн өнгө, байр сууриуд бүрэлдсэн. Тиймээс энэ өнгөн дээр уул уурхайн гэрээнүүдийг эргэн сөхөж байгаа учраас Бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудал ч хөндөгдөх байх гэдгийг хэлсэн. Гэхдээ энэ нь зүгээр л гаднын хөрөнгө оруулагчдыг үзэн ядсан, шууд сөрөг сэтгэхүйгээр хандаж буй хэрэг биш юм.
-Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 40 хувийг нь “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн хайгуул, олборлолтын зардалд шууд өгөхөөр хийсэн гэж байна. Бусад улсад ямар зохицуулалт хийдэг юм бол?
-Олборлолтын үндсэн нөхцөл, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бүтээгдхүүний 40 хувийг шууд тухайн компанид өгөхөөр хийсэн нь олон улсын жишигтэй харьцуулахад харьцангуй өндөр юм билээ. Бусад оронд их төлөв 30 хувь, ямар ч байсан 40-өөс доош хувьтай байдаг. Өөр нэг асуудал бол манайх газрын тос олборлогч, экспортлогч орон боллоо гэсэн сайхан нэр бидэнд хэрэггүй. Бид газрын тосны баялагтай, түүнийгээ олборлож, экспортолж буй бол монголчуудад үр ашиг нь ирэх ёстой. Тэр үр ашиг нь юу байх вэ. Бид нефтийн бүтээгдэхүүнээр нэг улсаас хараат биш байдаг.Түүний цаана үнэ буурдаг. Тэр нь ард иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг, Ийм үр дүн бидэнд хэрэгтэй. Гэтэл 1993 оноос хойш хорин жил болоход монголчуудад ямар ч үр дүн мэдэгдсэнгүй. Тиймээс гэрээ бидэнд хэр ашигтай болсон бэ гэдгийг эргэж харах цаг болсон.
-Монгол ажилчдын нийгмийн асуудал хүнд байна гэсэн. Энэ талаар иргэд ямар байр суурьтайгаа Ажлын хэсгийнхэнд хэлсэн байх?
-Монгол ажилчид ар гэрээсээ хэтэрхий удаан хугацаагаар хол байдаг. Түүнээс үүдэж гэр бүл салах, залуу гэр бүл тогтворгүй болох сөрөг үр дагаварууд байдгийг хэлж байсан. Үнэхээр нөхцөл байдал нь тийм байна. 60 хоногийн хугацаанд залуус гэр бүлээсээ хол, тэр нөхцөл нь хүнд санагдсан. Ажлын хэсэгт орсон Х.Болорчулуун, С.Одонтуяа, Б.Гарамгайбаатар нарын гишүүд үүнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай ирсэн.
-Байгаль орчны доройтол, экологийн сүйрэл гээд олон шүүмжлэл өрнөдөг. Тэр талаар та юу хэлэх вэ?
-Нефтийг 1700-2500 м-ийн гүнээс олборлодог. Донги буюу манайхны Морин толгой гэж нэрлэдэг шахуургаар авдаг юм байна. Нефть ачсан машинууд Бичигтийн боомтоор урагш гардаг. Замын эвдрэл, тоосжилтын асуудалд хариуцсан салбарынхан, мэргэжлийн хүмүүс үнэлгээ өгөх байх. Тамсагбулагийн тал хэчнээн сайхан тал билээ. Нүд алдам тэр сайхан талыг зах хязгааргүй, энд тэнд тоо томшгүй өрөмдчихсөн байх нь надад бол сайхан харагдаагүй. Дээрээс нь тэр олборлолт нь өнөө хүртэл монголчуудад ашгаа өгөөгүй цагт сэтгэл эмзэглэмээр санагдсан.
-Замаа сайжруулахыг Ерөнхий сайд асан Сү.Батболд 2010 онд газар дээр нь очиж шаардаж байсан. Гэтэл зам тавих хөрөнгө мөнгө алга гэж хариу барьсныг хэвлэлүүд тухайн үед мэдээлсэн. Энэ удаа ямар тайлбар хэлсэн бол?
-Гэрээгээр хүлээсэн зарим үүргээ хэрэгжүүлээгүйг УИХ-ын дарга хэлж байсан. Тухайлбал, замтай холбоотой асуудлуудыг биелүүлэх хэрэгтэйг Их хурлын дарга дахин дахин сануулсан. Түүнийг хүлээж авах боломжтой, биелүүлнэ гэдгээ компанийхан хэлсэн. Мөн хэд хэдэн асуудал тавьж байна лээ. Монголын газрын тосны тогтоц нь олборлоход хүнд, их хөрөнгө оруулалт шаарддаг. Тийм учраас анхны хөрөнгө оруулалтын хугацаа уртасч байгаа гэх зэрэг зовлон ярьж байсан. Нэгэнт Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй учраас та нарын зовлон бидэнд хамаагүй гэдгийг Их хурлын дарга хэлсэн. Гэрээг үзээгүй учраас би түрүүнд хэлсэн ерөнхий байр суурийг илэрхийлсэн. Гэрээтэй танилцсаны дараа нарийн зүйлүүдийг ярих боломжтой болох байх. Ямар ч байсан тэд засмал зам тавьж бүтээгдэхүүнээ зөөх ёстой. Энэ үүрэг биелэгдээгүй нь харагдсан. Бид маш хүнд замаар явж ирсэн. Тухайн үед тэнд 20 см зузаан цас орж машин явахгүй шахам маш хүнд байсан. Одоо болтол шороон замаар тоос бужигнуулан нефтийг нэвт зөөж байгаа нь харагдаж байна лээ.
-Морин толгой гэж нэрлээд байгаа газрын тос олборлож буй шахуурга хоцрогдсон, байгаль орчинд халтай гэдгийг зарим хүн хэлдэг. Түүнийг сайжруулах ямар боломж бий бол?
-Тэр асуудал гэрээний дагуу тухайн компанийн асуудал. Техник, технологийг сайжруулах, манай хүмүүс түүнд зохицож ажиллах чадвартай болох асуудал бий. Олон жил байгаль орчинд халтай байдлаар уул уурхай ашиглаж байгаагийн хувьд бид сайн мэргэжилтнүүд бэлтгэх ёстой гэдгийг хэлсэн.