logo
Н.Энхболд: Энэ парламент Үндсэн хуулийг өөрчлөх хамгийн боломжтой бүрэлдэхүүнтэй

Н.Энхболд: Энэ парламент Үндсэн хуулийг өөрчлөх хамгийн боломжтой бүрэлдэхүүнтэй

2013/03/21

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-Намрын чуулганы төгсгөлд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүд хуралдаж эхэллээ. Энэ ажлын хэсгүүд ямар зорилготой юм бэ?

-УИХ-ын даргын захирамжаар гурван ажлын хэсэг гарсан. Улс төрийн намуудын тухай болон Намуудын санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулах нэг ажлын хэсэг байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах гэсэн зорилготой ажлын хэсгүүд байгуулсан. Нэг нь төсөл боловсруулах, нөгөө нь судлах гэсэн арай өөр агуулгатай байгаа. Би эхний ажлын хэсэгт нь байгаа. Манайх хоёр удаа хуралдсан. Миний хувьд өмнө нь явж ирсэн туршлагаас харсан ч сууриа илүү боловсронгуй болгож байж дээр нь барьсан юмныхаа тухай ярих нь зохимжтой гэж бодсон. Өөрөөр хэлбэл, эхний ээлжид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаа, хоёрт, сонгуулийн тогтолцоо ямар байхыг нэг мөр шийдэж авах хэрэгтэй. Ингэсэн хойно намууд ямар үүрэгтэй байх, яаж санхүүжих вэ гэдгийг ярих нь аргачлалын хувьд зөв. Үүнийг ч ажлын хэсэгт хэлж, ойлголцолд хүрсэн. Яагаад том сууриасаа эхлэх ёстой юм бэ гэвэл бид одоо Намуудын тухай хууль, Намуудын санхүүжилтийн хууль, Сонгуулийн хуулийн талаар зарчмын том өөрчлөлт хийе гэсэн ч Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоондоо тулаад гацчихна. Баахан улстөржөөд л урдын адил бүтэлгүй үлдэх хувилбар руу орчихож магадгүй. Тийм учраас эхлээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулчихъя.

Ингэхдээ ер нь манай төрийн тогтолцоо ямар байх ёстой юм бэ гэдгээ ярья. Манай намын хувьд өмнө нь тодорхой саналууд гаргаж байсан. Төрийн эрх барих дээд байгууллагыг хоёр танхимтай болгох, Засгийн газар, УИХ-ын хоорондын харилцаа, үүрэг хариуцлагын хуваарийг тодорхой болгох гээд ярьж байсан. Дээр нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд, төвөөс эрх мэдэл шилжүүлэх асуудлыг Үндсэн хуульдаа, бас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульдаа өөрчлөлт оруулаад шийдчихвэл тэрэндээ уялдаад бусад нь явчихна. Магадгүй Намуудын тухай, Намын санхүүжилтийн тухай хууль ярихад гардаг олон хурц маргаантай зүйл арай зөөлрөх байх. Би хувьдаа нэг их зовлонгүй шийдэгдчих байх гэж бодож байна. Тиймээс ч ажлын хэсэг дээр ярьж байгаад гурван ажлын хэсэг асуудлаа уялдаатай ярья гэсэн.

-Зарим хүн Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хуулийг Үндсэн хуультай барьцалдуулж үлдээх нь гэсэн шүүмжлэл хэлж байна лээ?

-Тийм ээ, энэ хоёрыг ярихыг хүлээвэл бусад асуудал үлдэнэ гээд байгаа. Би хардаж хэлэхэд, үүний цаана янз бүрийн юм явж байж мэднэ. Манайхыг сулруулах гэсэн хандлага, оролдлого гэж манай намын гишүүд үзээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөртөө бүтэц, зохион байгуулалт, өмч хөрөнгийн хувьд илүү боломжтой нам нь манайх л байна. Тиймээс үнэхээр улс төрөө цэвэр болгоё гэж байгаа бол юуны өмнө намуудыг гишүүнчлэлгүй болгох, өмч хөрөнгийг нь хурааж авах асуудлыг биш, зарчмаа шийдье. Ингэхийн тулд нам нам дээр ажлын хэсэг гарч дүгнэлт гаргаад, үүнийг нь улс төрийн хүчнүүд хоорондоо ярья. Тэгээд нэгдсэн ойлголтод хүрсэн концепцынхоо хүрээнд Улс төрийн намуудын тухай, Намын санхүүжилтийн тухай хуулиа ярих нь зөв. Бидний байр суурь бол том юмнаасаа эхэлье л гэж байна. Мэдээж нөгөө юмаа орхихгүй хамт хийе.

-Энэ бүлгийн байр суурь уу?

-Бүлэг дээр албан ёсоор яриагүй. Ер нь бол манай намын ерөнхий нарийн бичгийн дарга, асуудал хариуцсан нарийн бичгийн дарга ч ийм ойлголттой байгаа.

-Үндсэн хуулийг энэ парламент өөрчлөх эрхгүй гэж МҮАН-ынхан үзэж байгаа бололтой. Намуудын удирдлагын хэлэлцүүлэг дээр тийм мэдэгдэл хийсэн?

-Хэзээ, ямар төлөөлөлтэй болно гэж хүлээж суух вэ дээ. Миний харж байгаагаар энэ УИХ-ын бүрэлдэхүүнд нийгэмд байгаа улс төрийн бүхий л хүчний өнгө орсон гэж ойлгож байна. Таван нам байна. Дээр нь иргэний хөдөлгөөний шугамаар ярьж явсан хүмүүс хэдийгээр намын нэрээр ч гэсэн УИХ-д ороод ирлээ. Тэгэхээр үүнээс олон бүрэлдэхүүнтэй УИХ хэзээ гарна гэж хүлээх билээ. Бас намуудын суудлын харьцаа ч тийм тасраад холдчихсон юм алга. Тиймээс энэ УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийж авах нь ил үү оновчтой гэж би хувьдаа бодож байна.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүрээ нь сая таны ярьсан зүйл үү. Түрүүчийн парламентын үед иргэдээс маш олон санал авч байсан шүү дээ?

-Уг нь төрийн бодлого уламжлал, залгамж чанараа хадгалж явбал төр илүү тогтвортой, илүү хүмүүст ойлгомжтой байдаг. Иргэн төр хоёрын итгэлцэл өндөр байдаг. Гэтэл манай нэг гашуун туршлага бол дөрвөн жилд засаг солигдоход бодлого нь дагаад өөрчлөгдөж байдаг. Залгамж чанар нь харьцангуй сул байгаа нь нийгмийн хөгжилд ч нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, таны хэлсэн шиг хагас жил гаруйн өмнө олон нийтийн дунд санал асуулга явуулаад, УИХ-ын гишүүдийн талаас илүү нь нэгдчихсэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаанууд бий. Тэгэхээр тэр хүрээнд асуудал яригдах болов уу. Шинээр үүссэн нөхцөл байдал гэвэл эрх мэдэлтэй нь хууль зөрчиж яваад байж болдог жишгийг энэ шинэ засаг төр тогтоочихсон. Үүнийг Үндсэн хуулиар яаж хазаарлаж, уяж зохицуулж өгөх вэ гэсэн санааг тусгахгүй бол болохгүй нь. Хэдийгээр Үндсэн хуульд тулгуур зарчим нь тунхаглагдчихсан, бусад хуульд батлагдчихсан ч гэсэн тухайн үед олонхи хүч түрж, хууль зөрчин шийдвэр гаргаж болоод байх юм гэсэн ойлголтыг нийгэмд үүсгэж байгаа нь урт хугацаандаа аюултай үзэгдэл. Тэгэхээр шинээр ямар нэгэн санаа оноо байвал бол энэ чиглэлийн юмнууд л нэмэгдэх байх. Түүнээс хуучин яригдаж байсан өөрчлөлтүүд Үндсэн хуульд орох байх.

-Үндсэн хуулиас гадна сонгуулийн тогтолцоогоо тодорхой болгох ёстой гэлээ. УИХ дээр яг одоо ямар төсөөлөл явж байна вэ?   

-Эхлээд сонгуулийн тогтолцоо дээрээ санаа нэгдээд авмаар байна гэж би ажлын хэсэгт хэлсэн. Түрүүчийн парламентын үед сонгуулийн хууль анх орж ирэхдээ 100 хувь пропорциональ байсан. Энэ нь явсаар холимог гэж хэлэхэд хэцүү, паралель гэхэд хаашаа юм болоод батлагдсан. Ер нь тогтолцооны энэ сонин зүйлээс үүдээд улс төрийн тогтворгүй байдал бий болоод байгаа юм. Намуудын ажлын арга барил, аяг араншин ч энэ хуулиас болж байгаа. Тиймээс сонгуулийн хуулиа цэгцлээд авах нь зөв. Миний өөрийн итгэл үнэмшил бол Монгол Улс харьцангуй жижиг учраас, бас бид Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа Монгол Улсын хөгжих, аюулгүй орших баталгааг ардчилсан парламент гэж заасан. Энэ үүднээс аваад үзвэл бид бүтэн пропорциональ тал руугаа явах нь илүү зохимжтой. Яг одоо бол энэ УИХ дээр сонгуулийн ийм, тийм тогтолцоо гэж ярьж эхлээгүй байна. Одоо л улс төрийн хүчнүүд, УИХ-ын хүрээнд  ярьж эхлэх гэж байна. 

-Та эхлээд том зүйлээ барьж авах нь зөв гэлээ. Харин бусад намын хувьд жижгээс нь түрүүлж шийдье гээд байна л даа. Намуудыг гишүүнчлэлгүй болгох, өмчийг нь хураах ч гэдэг юм уу. Үүнтэй холбогдуулаад асуухад Лениний музейн өмчлөгч нь хэн болж таарсан бэ. ССАЖЯ-наас өгсөн тайлбараар бол танай нам өмчлөх, эзэмших эрхээ ялгахгүй байгаа юм биш үү?

-Наадах чинь тэр хүмүүсийн төөрөгдүүлэх гэсэн л тайлбар байна. Эрх биш манай нам эзэмшинэ гэж юу болох, өмчлөх гэж юу гэдгийг мэдэлгүй яахав. 1997 онд Чингэлтэй дүүргийн шүүх хуралдаад энэ байр МАН-ын өмч мөн гэсэн шийдвэр гарсан байдаг. Дараа нь бас тэр ондоо нийслэлийн давж заалдах шатны шүүх МАН-ын байр мөн гэж нотолсон. Уг нь Үндсэн хуульд төр бол нийтийн болод хувийн өмчийг хуулиар хамгаална гээд заачихсан байдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр Засгийн газар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал энийг авна гэж байгаа нь буруу. Яг л танай зурагтыг хөрш чинь орж ирээд авна гэж байгаатай адилхан зүйл. Нэгэнт шийдсэн шүүхийн шийдвэрийг өөрчлөх хэм хэмжээ хаана ч байхгүй. Засгийн газарт бол бүр байхгүй. Тиймээс Цэц энэ асуудлыг авч үзээд үнэхээр МАН-ын өмч юм байна гээд бас нотолчихсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хууль зөрчсөн болохыг Цэцийн гишүүний тогтоол нотолж байгаа.

-МАН-ын бүлгээс “Чингис” бондын зарцуулалттай холбоотойгоор ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлт эцэслэж гарсан уу?

-Манай ажлын хэсгээс гарсан танилцуулга УИХ дээр яригдсан. Бид бонд гаргаж хөгжлийн төслүүдээ санхүүжүүлэхийг буруу гэж үзээгүй. Харин ямар үнээр, хэдийд авав гэдэг нь асуудал болчихоод байгаа юм. Бараг дөрвөн сар өнгөрчихөөд байхад нэг ч ажил эхлээгүй байна.

Саяхан нэг сайд Монгол Улс одоог хүртэл өрийн дарамтгүй яваа, Монголбанк менежментийг нь хийж байгаа шүү дээ гэж ярьж байна лээ. Үүн шиг худлаа юм байхгүй. Монголбанк гэдэг бидний л нэг хэсэг. Монголбанк хүү төлнө гэдэг Монгол Улс л төлж байгаа хэлбэр. Тэгэхээр зөв ашиглахгүй бол хуучин их өр гэдэг шиг дарамт руу аваачиж мэднэ. Тиймээс л урьдчилан сэргийлэх тухай бид яриад байгаа юм.

Бас танай сонинд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат ярилцлага өгсөн байна лээ. Манай авсан бонд асуудалтай болж, үнэ нь унаад эхэлсэн гэж. 100 саяын үнэтэй байсан гэж бодоход 95 боллоо гэж ярьсан байсан. Энэ бүхэн Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Хөрөнгө оруулалтын уур амьсгал, засаг төрөөс явуулж байгаа бодлого монголчуудад байсан нэмэх оноог хасах болгочихлоо.

Дээр нь нэг ноцтой зүйл бий. Одоо манай бондын үнэ унаад ирэхээр авсан газрууд нь зарах эрхтэй байх шиг байна. Гэтэд тэд хэнд зарах вэ. Энэ асуудлаар бүлгийн даргын хувьд Засгийн газарт бичиг явуулах гэж байна. Бондыг тэр хүмүүс ямар нөхцөлтэйгөөр зарах боломжтой вэ гэж. Муугаар бодоход бондыг авсан хүмүүс нэг улсын Засгийн газарт бүхэлд нь зарчихвал яах вэ. Энэ бүхнийг тодруулах л ёстой.

-Тантай уулзсаных МУЗН-ийн талаар тодруулъя. Энэ байгууллагын Ерөнхийлөгчөөр ажилладаг хүний хувьд ажил, төрөл ямар байгааг хэлэхгүй юү?

-Улс орны эдийн засгийн хүчин чадал дээшилж, өөрийн хүчинд тулгуурлан хөгжих бодит нөхцөл үүсч байна. Улс төрийн хүчнүүдийн тухайд улам бүр ойртон нягтрах, эв эеийг хичээх тухай нийгэм илүүтэй ярих боллоо. Үндэсний хэмжээнд яригдах хөрөнгө чинээлэг хүмүүс, хүчтэй бизнесийн байгууллагууд бий болж, түрүүч нь хүмүүнлэгийн үйлст санаачлан оролцдог болж байна. Энэ бүхнийг бид үндэсний хэмжээнд хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэх таатай орчин бүрдэж байна гэж үздэг. Ер нь хүмүүнлэгийн хүч гэдэг бол хүн бүрийн сэтгэлд, айл өрх, хамт олон бүрийн боломжид тулгуурлан дороосоо үүсдэг. Өнгөрсөн жилүүдэд манай монголчуудын сэтгэл дутаагүй харин боломж хомс байсан гэж боддог. Манай оронд одоо бол хамгийн их таатай орчин бүрдэж байна. Энэ хүчийг хэрхэн яаж ашиглах вэ гэдэг нь төртэйгөө хамтран ажиллах өвөрмөц эрх зүйн орчинтой МУЗН-ийн тулгамдсан зорилт болж байна.

-2010 онд болсон МУЗН-ийн их хурлаар өөрчлөлт шинэчлэлийн асуудал нэлээд ярьсан. Таны ярьж байгаа зорилтыг ямар төвшинд хэлэлцэж шийдвэрлэх ёстой вэ?

-Хэдийгээр бид нэлээд өөрчлөлт шинэчлэл хийсэн боловч дээр миний хэлсэн нийгмийн хөгжлийн хурд, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагаас хоцорч, Үндэсний төвшинд тасралтгүй үргэлжлэх хөдөлгөөн болон ажиллаж хараахан чадахгүй байгааг зүй ёсоор хүлээх ёстой. Ер нь манайх гаднын төсөл хөтөлбөрт дулдуйдан үйл ажиллагааны голыг нугалж ирсэн үе улам бүр холдож байна. Манай эдийн засгийн хөгжлийг ажиглаж хөдөлдөг гаднынхан МУЗН одоо бие даах ёстой гэсэн хандлага руу чиглэж байна.

Бид төртэйгөө хамтран ажилладаг зарчмаа хэрэгжүүлж, төв, орон нутагт ИТХ-ын дарга нарыг Улаан Загалмайн тэргүүнээр сонгож, Үндэсний зөвлөл болон бусад удирдлагад өргөнөөр оролцуулж ирсэн. Цаашид ч бид энэ чиглэлээ хадгалахыг эрмэлзнэ. 2012 оны сонгуулиар аймаг, сум, дүүргүүдийн иргэдийн хурлын удирдлагад ихээхэн өөрчлөлт гарлаа. Бас манай удирдах зөвлөлийн бараг тал нь өөр ажил албанд очлоо. Тиймээс манай удирдлагын гол бүтэц болсон Үндэсний зөвлөл. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дахин сонгож, бүрдүүлэх шаардлага тулгарч байна. Дээр хэлснийг тунгааж, дурдсан зорилтоо хэрэгжүүлэх зорилгоор ээлжит бус их хурал хийх зайлшгүй нөхцөл бий боллоо гэж харж байна.

-Тэгэхээр шинэ зорилт дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтыг бий болгоно гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Аливаа шинэ зүйл хуучин дээрээ суурилж хөгждөг жамтай. Бид авах гээхийн ухаанаар хандъя гэж байгаа юм. Хуучин бүхэн халтай биш. Сүүлийн 15 жил хөгжиж, бие даах замдаа орсон энэ төвшнөө яаж урагш ахиулах вэ, хэрхэн үндэсний хэмжээний байнгын хөдөлгөөн болж ажиллах вэ. Бизнесийн салбар, иргэний нийгмийн хүчийг яаж ашиглах вэ. Манайд ажиллаж байгаа олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтрах, Олон Улсын хороо болон холбоотой хамтран ажиллах ямар арга замыг сонгох, хоёр болон олон талт хамтын ажиллагааг яаж үр дүнд хүргэх вэ гэх зэргээр МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хуулиар Засгийн газар нь хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой байдаг. Гэтэл хууль гараад 10 гаруй жил болсон ч төр засаг маань хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байна гэх шалтгаар ам хаасаар өдий хүрсэн байдаг.

Манай хуульд ч эргэн харах зүйл бий. Түүнийг их хуралдаа танилцуулж дэмжлэг авна гэж бодож байна. Бүтэц зохион байгуулалтаа ч авч үзэх хэрэгтэй байгаа юм. Жишээ нь, Ерөнхий нарийн бичгийн даргын газрын бүрэлдэхүүн дэндүү нүсэр, ажилтнуудын чадвар сул, халаа сэлгээ их гэсэн шүүмж сүүлийн жилүүдэд дотроосоо анхан, дунд шатны зүгээс гарч байна. Гадаадын олон орны хүмүүнлэгийн байгууллага төрөөсөө санхүүждэг. Манайд чухам ямархуу байдгийг дээр дурдсан. Тэгэхээр өөрийгөө санхүүжүүлэх, байгууллагын хүчин чадлыг бэхжүүлэх, хөрөнгө арвижуулах зорилтыг нэг гол асуудал болгож ажиллах ёстой. Ямар ч гэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа нийгмийн шаардлагын гадуур хөгжих зам байхгүй гэдгийг л хэлж байгаа юм.

-Ээлжит бус их хурал болох юм байна гэж ойлголоо. Хэзээ болох бол?

-Нөхцөл байдал ч, дүрэм ч тэгж “хэлж” байна. Их хурлаараа Үндэсний хэмжээний хүмүүнлэгийн ойрын таван жилийн хөтөлбөрөө шинэчлэн батлах хэрэгтэй болж байна. Цаг хугацааг одоогоор хэлэхэд эрт байна. Тун сайтар бэлтгэх шаардлагатай. Шинэ шинэ санаа бодол уралдуулж, хэрэгжүүлэх арга замаа бас нарийн бодожтунгааххэрэгтэй. МУЗН бол хийсэн ч болдог, хийхгүй байсан ч болдог жирийн нэг ТББ биш. Хүмүүс сайхан сэтгэлээрээ хийж байгаа юмыг шүүмжлээд яахав гэдэг үзэл одоо үеэ өнгөрөөсөн. Харин ч хүмүүнлэгийн үйлст хариуцлагагүй хандвал бидэнд бүгдэд нь ёс зүйн асуудал яригдах учиртай.

-Ээлжит бус их хурал хийхэд зардал чирэгдэл их болох байх ?

-Хууль дүрмийнхээ хүрээнд Дунд Шатны Хороодынхоо чадавхид тулгуурлан зохион байгуулахад тийм ч их зардал гарахгүй болов уу. Туйлын ажил хэрэгчээр зохион байгуулахыг эрмэлзэх болно.

Эх сурвалж: http://www.buleg.com/m82.html

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш