Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ,
Монгол Улсын нийт Казах иргэдээ,
Шидрүү мөнгөн өвөл алсарч, шинэ ногооны униар татсан урин хавар ирлээ. Та бүхэндээ наран адил наашлах Наурыз баярын халуун мэндийг дэвшүүлж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.
Наурыз бол ахан дүүс,айл саахалтаараа уулзан золгож, ахмад настнаа алаг үрс шигээ ачлан хүндэлж, алаг үрсээ ахмад буурлуудын адил тойглон өргөж, улирч буйоныхооололт амжилт, ухаарал сургамжаа дүгнэн айсуй жилийнхээ ажил амьдралаа сайн сайхнаар төсөөлдөг агуу баяр ёслол юм.
Мөн Наурыз нь эвтэй найрсаг аж төрөх ёсны бэлгэдэл болсон, чирэгдэл багатай, архи дарсыг цээрлэсэн өвөрмөц баяр билээ. Энэ нь аливаа баярыг архигүй тэмдэглэх, хөл алдан хөлчүүрэхийг цээрлэх талаар төр засгаас түмэн олныг уриалан дуудсан бодлого, зорилттой яв цав нийцэж байгаад сэтгэл дүүрэн байна.
Жил бүрийн хаварт Та нарын маань ажил үйлс бүтэмжтэй, ахуй амьдрал нь дээшилсэн, зовхи нь өөдөө яваад Монгол Улсын Төрийн тэргүүн бахархан баярладаг уламжлалтай болжээ. Олон үндэстэн ястны өлгий нутаг, өнөр бүл нь Алтайн хөх уулс мэт бие биеэ түшин, эв найртай, дэм дэмэндээ тус болон урагшлан хөгжиж байна.
Баян-Өлгий аймаг эдийн засгийн хувьд баруун бүсдээ чухал байр суурь эзэлдэг билээ. Өнгөрсөн онд тус аймгийн эдийн засгийн бодит өсөлт 27, 2 хувьд хүрсэн нь бахдам амжилт юм. Үүний дотор хөдөө аж ахуйн үндсэн бүтээгдэхүүн болох мал сүргээ таван төрөл дээр нь 8,3 хувиар өсгөж 1 сая 400 гаруй мянгад хүргэжээ. Энэ бол жилийн дөрвөн улиралд хүйтэнд нь хөрч, халуунд нь халж яваа ажилсаг малчдын маань нөр их хөдөлмөрийн үр шим мөн.
Мөн аж үйлдвэр, ахуй үйлчилгээний салбарт ахиц гарч жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд олноор байгуулагдан амжилттай ажиллаж байна. Барилга угсралтын ажил эрчимжиж өсөлтийн хурд нь 28,9 хувь болжээ.
Баян-Өлгийнхний бүтээсэн баялаг баруун бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд давамгайлж байна. Энэ бол багагүй амжилт. Амжилтаа бататгаж урагшаа тэмүүлэх эр зориг, эрч хүч Та бүхэнд бий гэдэгт гүнээ итгэж байна.
Түүнчлэн төр, захиргааны байгууллагын удирдлага, ажилтнууд шударга ёс, хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, эрх зүйн хүрээнд шинээр олгосон эрх мэдэл, хөрөнгө оруулалт - санхүүгийн шинэ боломжийг ухаалаг ашиглаж, иргэдийн саналд тулгуурлан, оновчтой шийдвэр гаргаж хариуцлагатай, овсгоотой ажиллах, иргэдийнхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх үүргээ гүнзгий ухамсарлаж ажиллана гэдэгт найдаж байна.
Төрөөс хөдөө орон нутгийг хөгжүүлэх, үндсэн нутгийн ард иргэдийн захиа даалгаврыг нь гүйцэлдүүлэх, шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар шууд ардчиллыг төлөвшүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Шинэчлэлийн Засгийн газрын эрхэм үүрэг ч үүнд оршиж байна.
Монголын төр хөдөлмөрч хичээнгүй казах түмнийхээ эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүтээн байгуулалтын төлөө оруулсан үнэнч шударга хувь нэмрийг өндрөөр үнэлж, өвөрмөц соёл, ёс заншил, шашин шүтлэгийг нь ямагт хүндэтгэн дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжсээр байх болно.
Улиран одож буй луу жил нь ухаарлын ул мөрөө үлдээн, угтан золгосон усан могой жил айл өрх, иргэн бүрт буян хишгээ хайрласан, шинэ амжилт, шууд ардчилал, шинэчлэлийн үр шимийг хүртсэн жил байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Аялгуут домбороо эгшиглүүлэн, ая дууныхаа түрлэгийг өргөж, зоригт бүргэдийн дэвэлтээр дээшлэн, дастархан дүүрэн идээгээ дэлгэн хаврын баяраа тэмдэглэж байгаа казах түмний маань юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай. Та бүхэн элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлээрэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Төрийн ордон