Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 02/03 тоот тогтоолоор байгуулагдсан “Хилийн боомтын тухай хууль”-ийн төсөл боловсруулах УИХ-ын гишүүн М.Батчимэг ахлагчтай ажлын хэсэг 3 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ажиллах гэж байна.
Энэ удаагийн томилолтын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Батцогт болон Гадаад харилцааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөлөл багтаж байна.
Томилолтын хугацаанд Замын-Үүд боомтын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ боомтод ажиллаж буй Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хилийн отряд, Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Төмөр зам зэрэг байгууллагын төлөөлөл тус тусын чиглэлээр танилцуулга хийж, “Хилийн боомтын тухай хууль”-ийн төслийн талаар санал бодлоо солилцох юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.