logo
Брукингсийн стратеги судлалын хүрээлэнд зочлов

Брукингсийн стратеги судлалын хүрээлэнд зочлов

2013/03/22
АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Брукингсийн стратеги судлалын хүрээлэнд зочлов. Тус хүрээлэнгийн Зүүн хойд Азийн бодлого судлалын төвийн захирал Ричард Буш Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

  Тус хүрээлэн нь жил болгон зохион байгуулдаг судлаачийн хөтөлбөртөө /Visiting Fellows Program/ Монгол Улсын судлаачдыг урьж оролцуулдагт УИХ-ын дарга талархал илэрхийлээд цаашид тус хүрээлэнтэй хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх, тэр дундаа Монгол Улсад судлаачийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа дурдав.

  Монгол Улсад төрийн бодлогыг хөгжүүлэх, үндэсний хэмжээний чухал асуудлуудыг олон нийтэд ойлгуулан таниулах ажлыг хөхиүлэн дэмжих зорилгоор хүчтэй, бэхжсэн бодлогын сайн хүрээлэнгүүд чухал байна. Хэдийгээр манай улсад бодлогын хэд хэдэн хүрээлэн байгаа ч хөгжлийнхээ эхний шатанд явж байгаа. Тиймээс Брукингсийн стратеги судлалын хүрээлэнтэй хамтран ажиллаж, бодлогын хүрээлэнгүүдийг хөгжүүлэх хүсэлтэй байна гэдгээ УИХ-ын дарга хэллээ. Тухайлбал, Монгол Улсын Стратегийн судалгааны хүрээлэн ОХУ, БНХАУ, Зүүн Азийн орнуудын эрдэмтэн судлаачдын хооронд геополитик, стратеги, бодлого төлөвлөлтийн тогтмол яриа хэлэлцээний механизм бүрдүүлсэн байдаг бөгөөд АНУ-ын судлаачидтай ийм төрлийн механизм бий болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ болон Япон улсын түнш хүрээлэнгүүдтэй хамтарч “Зургаан талт яриа хэлэлцээ”-г сэргээх боломжийн талаар аюулгүй байдал, стратегийн судалгааны эрдэмтдийг оролцуулсан хурал зохион байгуулахаар төлөвлөж буйг мэдээлээд Зүүн хойд Азийн бодлого судлалын төвийн зүгээс энэхүү хуралд АНУ-аас оролцох сонирхолтой хүрээлэнтэй холбож өгөх, хурлын зохион байгуулалтад туслалцаа үзүүлэхийг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш