logo
З.Энхболд Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикертэй уулзав

З.Энхболд Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикертэй уулзав

2013/03/22
АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболдыг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер ноён Жон Бэйнер энэ сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав.

  Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын даргыг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер найрсгаар хүлээн авч буйд талархал илэрхийлээд Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой өнгөрсөн онд тохиосон, өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа нийтлэг үнэ цэнэд тулгуурлан өндөр хэмжээнд хөгжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.
    Энэ хугацаанд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд харилцан хэрэгжүүлсэн өндөр, дээд хэмжээний айлчлалууд нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр болж байгааг парламентын спикерүүд уулзалтын үеэр тэмдэглэв.

  1991 оноос эхлэн АНУ-ын Конгресс Монголын ардчилал, чөлөөт сонгууль, зах зээлийн шилжилтийг дэмжсэн тогтоолуудыг удаа дараа гаргасан нь АНУ-ын дэмжлэгийг дэлхий дахинд баталгаажуулж, манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төрийн өндөр түвшинд хүрснийг гэрчилж байгааг УИХ-ын дарга энэ үеэр дуулгаад хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх сонирхолтой буйгаа илэрхийллээ.

  Мөн Монгол Улс нь БНАСАУ, БНСУ-тай сайн харилцаатай орны хувьд Солонгосын хойгийн тулгамдсан асуудлаар зуучлагчийн үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтойг дурдаад ирэх 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо зохиогдох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурлын үеэр зохиогдох Парламентын форумд Конгрессын гишүүдийг өргөнөөр оролцохыг урилаа.

  УИХ-ын дарга З.Энхболд мөн өдөр АНУ-ын Конгрессын Гадаад хэргийн байнгын хорооны дарга Эд Ройстой уулзаж парламент, парламентын бүлэг хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

  УИХ-ын даргын гэргий Т.Бат-Өлзий энэ өдөр АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотноо үйл ажиллагаа явуулж байгаа “АНУ-ын нийслэл дэх монгол сургууль”-д зочилж, сургуулийн багш, сурагчидтай уулзаж ярилцлаа.

  Тэрээр уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газраас тус сургуульд бэлэглэсэн Монголын түүх, хүүхдийн уран зохиол, толь бичиг, танин мэдэхүйн номуудыг гардуулж өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш