Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн гаргасан өвөлжилтийн байдал хүндэрсэн малчдад туслах уриалгыг нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагын ажилтнууд дэмжин нийслэлийн Нутгийн Захиргааны байгууллага, харъяа агентлагийн бүх албан хаагчид нэг өдрийн цалингаа буюу 132 сая төгрөгийг хандивласан юм. Уг хандивыг Малчдад туслах хандивын дансанд байршуулсан батламжийг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, ҮХАА-н дэд сайд Ц.Туваанд гардууллаа. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга МУ-ын Ерөнхийлөгчийн уриалгыг нийслэлийнхэн дэмжиж, бүх албан хаагчид идэвхтэй оролцон туслалцаа үзүүллээ. Цаашид ямар дэмжлэг шаардлагатай байна бид харамгүй туслах болно гэж онцлон хэлсэн бол ҮХАА-ын дэд сайд Ц.Туваан мал төллөлтийн ид үед тусламж үзүүлсэн явдалд нийт малчдынхаа өмнөөс Нийслэлийн удирдлагууд болон нийт албан хаагчдад талархал илэрхийлье гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.