logo
Жайка ОУ-ын байгууллагатай цаашид хамтран ажиллана

Жайка ОУ-ын байгууллагатай цаашид хамтран ажиллана

2013/03/22
ийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа Японы Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Исогай Тошинорийг хүлээн авч уулзлаа.  Исогай Тошинори нь 2009 оноос хойш Жайка ОУ-ын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа нийслэл хотод хэд хэдэн  төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Тухайлбал Улаанбаатар хотын нийтийн тээвэрт метро явуулах боломжийг судлах, хэд хэдэн хэсэгт гүүрэн гарц барих, хотын дахин төлөвлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд туслалцаа үзүүлэх, шинэ нисэх буудал барих ажлыг эхлүүлэх зэрэг хот байгуулалтын чиглэлээр  илүүтэйгээр хамтран ажилласан. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа   Жайка ОУ-ын  байгууллага нь нийслэл хотын тээвэр, цэвэр ус гэх зэрэг чухал асуудлууд дээр  хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэн аливаа ажлыг чанартай хийж гүйцэтгэдэгт талархал илэрхийлээд цаашид ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ таатай байна гэдгийг онцоллоо. Харин Исогай Тошинори энэ жил хэрэгжиж эхлэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд анхаарч ажиллах зарим зөвлөмжийг санал болгон, Япон улсын компани, инженерүүд томоохон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох бүрэн боломжтой гэдгийг дуулгасан.  Мөн энэ сарын сүүлээр Япон Улсын Ерөнхий сайд Монгол Улсад төрийн айлчлал хийх  бөгөөд энэ  үеэр хоёр улсын хамтын ажиллагаа улам бүр сайжирч, шинэ шатад хүрнэ  гэдэгт итгэж байгаа гэлээ. Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Исогай Тошинориг Нийслэлийн Засаг даргын хүндэт жуух бичгээр шагнасныг  Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа гардууллаа  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш