logo
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд зарцуулах хөрөнгийн төлөвлөгөө гаргасан компанид барилгын зөвшөөрөл олгоно

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд зарцуулах хөрөнгийн төлөвлөгөө гаргасан компанид барилгын зөвшөөрөл олгоно

2013/03/22
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурлаар  дулааны улирал ирж барилгын ажлууд эхлэх гэж байгаатай холбогдуулан Барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад НЦГ, НМХГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын зөвөлгөө мэдээллийн төвийн удирдлагууд  болон барилгын захиалагч, гүйцэтгэгч компаниудын төлөөллүүд оролцсон юм.Уулзалтын эхэнд НЦГ, НМХГ-аас өнгөрсөн жил болон энэ оны эхний 2 сарын байдлаар барилгын салбарт гарсан гэмт хэрэг, осол аваарын дүн мэдээг танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд 2012 онд баригдаж буй барилга дээр 161 гэмт хэрэг бүртгэгдсэнээс  Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих гэмт хэрэг 37  бүртгэгдэж  үүнээс 26 буюу 70.2 хувь нь хүний амь нас хохирсон гэмт хэрэг байна. Тухайлбал: “Гангар инвест”, “Эм Си Эс”, “Хурд”, “Жигүүр гранд”, “Халиун төгөл”, “Натур Хаус”, “Сигма инженеринг” ХХК -ийн барилгууд дээр хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам алдагдснаас хүний амь нас хохирсон хэргүүд гарчээ. Энэ төрлийн гэмт хэрэг   өмнөх оноос 62.6 хувиар өссөн бөгөөд 25 хүн харамсалтайгаар амиа алджээ. Харин 2013 оны эхний 2 сарын байдлаар 24 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 9 хэргээр буюу 60.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дээрх дүн мэдээнээс  хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам нь  барилгын ажил гүйцэтгэгч компаниуд дээр хэрхэн алдагаж байгааг харуулж байгаа бөгөөд холбогдох албаныхан,гүйцэтгэгч компаниуд юун дээр анхааран, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тухайлбал барилгын гүйцэтгэгч компаниуд барилгын ажилд ашиглагдах өргөх механизмын машин, техник тоног төхөөрөмжийг хувь хүмүүс худалдаалж, мэргэжлийн бус, туршлага багатай инженерүүд угсарч байгаа нь осол аваар гарах бас нэг шалтгаан болж байгаа.  Хятад ажилчдыг олноор ажлуулж, тэд алдаа дутагдал гаргасан тохиолдолд монголчуудын нэр гардагт  шүүмжлэлтэй хандсан юм. Мөн хятад ажилчидтай албан ёсны гэрээ хийдэггүй нь хариуцлага тооцох боломжгүй болгодог гэлээ. Харин НМХГ-ын дарга  барилгын ажил явуулж буй компаниуд хашаа хатгаж, ямар барилгын ажил хийж байгаа талаарх мэдээллийн самбар байрлуулдаггүй, хөдөлмөр аюулгүй байдлын стандартыг дагаж мөрддөггүй, ажилчиддаа зааварчилгаа, мэдээлэл өгч, хувцас техник хэрэгслээр бүрэн хангадаггүй гэх зөрчлүүдийг байнга гаргадаг. Хамгийн гол нь захиалагч компани нийт зарцуулалтын хөрөнгийн 2%-ийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаад зарцуулна гэх заалтыг хэрэгжүүлдэггүй. Цаашлаад энэ хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлсэн юм.

НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга аливаа эрсдлийг гарсаных нь дараа бус урьдчилан сэргийлж ажиллахад энэ уулзалт үр дүнгээ өгөх учиртайг онцлон хэлээд  холбогдох хүмүүст үүрэг өглөө.
Барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сайжруулах ажлын хэсэг байгуулж,  тус ажлын хэсэг нь барилгын ажил захиалагч болон гүйцэтгэгч компаниудад шаардлага боловсруулан хүргүүлэх,  барилгын ажлын хашаа, самбарын журмыг ойрын хугацаанд гаргах, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид  барилгын зөвшөөрөл авахаар хүсэлт тавьсан компани хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаандаа нийт хөрөнгийн хэдэн хувийг хэрхэн зарцуулах талаар дэлгэрэнгүй төлөвлөгөө хүргүүлсний дараа барилгын зөвшөөрөл олгох,  барилгын ажил захиалагч, гүйцэтгэгч компаниуд талбайн зохион байгуулалтын зураг төслөө нарийн гаргаж, талбайгаа бүрэн камержуулах, торлох , ямар нэгэн осол аваар гарсан тохиолдолд тухайн компани хариуцлагыг нь хүлээж байх үүргийг тус тус өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш