logo
Хойд Солонгос АНУ-ыг заналхийллээ

Хойд Солонгос АНУ-ыг заналхийллээ

2013/03/22
Пүрэв гаригт Хойд Солонгос АНУ-ын эсрэг цэргийн хариу арга хэмжээ авна хэмээн анхаарууллаа. Учир нь тус улс АНУ-ын цэргийн бөмбөгдөгч онгоцыг Солонгосын хойг дээр ниссэн гэж үзжээ. Мөн Японы Окинава болон Номхон далайн баруун хэсэгт орших Гуам арлууд дахь Нэгдсэн улсын цэргийн бааз тус улсад заналхийлж байна хэмээн мэдэгдсэн юм. Солонгосын хойгт бөмбөгдөгч онгоц ниссэн нь Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилтын нэг хэсэг хэмээн тус улсын төрийн мэдлийн телевизээр ярьж байлаа. Хойд Солонгосын телевизийн нэвтрүүлэгч хэлэхдээ “АНУ-ын “В-52” бөмбөгдөгч онгоц хөөргөдөг Гуамын арал дахь Андерсоны цэргийн бааз болон цөмийн хүчин чадал бүхий шумбагч онгоц байрладаг Японы Окинава арал дахь тэнгисийн цэргийн бааз нь БНАСАУ-ын  онилгоонд байгаа гэдгийг Нэгдсэн улс мартах ёсгүй. АНУ Хойд Солонгосыг айлган сүрдүүлсэн учраас бид ч мөн цэргийн хариу арга хэмжээ авах болно ” гэжээ. Энэ сард явуулж байгаа АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилтыг Хойд Солонгос дайны бэлтгэл ажиллагаа хэмээн нэрлэж, буруутгасаар байгаа юм. Тийм ч учраас тус улс 1953 онд Өмнөд Солонгостой байгуулсан гал зогсоох гэрээгээ хүчингүй болгоно гэдгээ мэдэгдсэн. Пүрэв гаригт Хойд Солонгос улс Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилтыг тус улсын тусгаар тогтнолд дайсагнасан явдал хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Хойд Солонгосын телевизийн нэвтрүүлэгч хэлэхдээ “БНАСАУ-ын тусгаар тогтнолд хор уршиг учруулж байгаа өдөөн хатгагч нарыг дэлхий нийтээрээ харна.Тусгаар тогтнолоо хамаагаалахын тулд БНАСАУ-ын ард иргэд болон цэрэг арми тэдэнтэй нүүр тулах болно” гэжээ.   Хойд Солонгос дээрх хоёр улсын хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилтыг жил болгон эсэргүүцдэг боловч энэ жил эсэргүүцэл нь илүү хурцадсан байна. Энэ нь Пхеньянын өнгөрсөн 2-р сард туршсан цөмийн туршилтанд НҮБ хориг арга хэмжээ авсантай холбоотой.
Пүрэв гаригийн өглөө Хойд Солонгосын үндэсний телевиз болон радиогоор түгшүүрийн дохио хангинаж, ард иргэдээ дайнд бэлэн байхыг сануулжээ. Мөн цэргийн ангиудад дайсны талаас ирэх бөмбөгдөлтөөс ард иргэдээ хамгаалж, тэднийг аль болох хохирол багатайгаар аврах түгшүүрийн тохион өгчээ. Гэвч дохио өгснөөс хойш нэг цагийн дараа дохиог цуцалсан байна. Энэхүү дохионы талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд мэдэгдэхдээ “Түгшүүрийн дохио Хойд Солонгосын цэргийн бэлтгэл сургуулилтын нэг хэсэг шиг харагдсан. Манай цэргийн арми нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж байгаа” гэжээ.

Д.Амар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш