logo
Марк Цукерберг шилдэг боссуудын жагсаалтыг тэргүүллээ

Марк Цукерберг шилдэг боссуудын жагсаалтыг тэргүүллээ

2013/03/22
 “Forbes” сэтгүүл Америкийн шилдэг 20 боссыг нэрлэлээ. Уг жагсаалтыг “Facebook” сүлжээг үүсгэн байгуулагч, тус компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг  тэргүүлсэн байна. Тус сэтгүүл шилдэг удирдагчдыг тодруулахдаа ард иргэдээс онлайнаар санал асуулга авсан бөгөөд санал асуулга өнгөрсөн оны 2-р сараас энэ оны 2-р сар хүртэл үргэлжилжээ. Өдгөө 28 настай Цукерберг компаниа 2004 онд Харвардын их сургуулийн оюутан байхдаа байгуулж байсан түүхтэй бөгөөд 23-хан насандаа тэрбумтан болж чадсан юм. 2012 оны байдлаар түүний хувийн хөрөнгө 9.4 тэрбум америк долларт хүрсэн бөгөөд “Forbes” сэтгүүлийн судалгаагаар тэрээр Америкийн хамгийн баян хүний жагсаалтын 36-рт, манай гариг дээрх хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 25-рт тус тус бичигджээ. Өнгөрсөн оны байдлаар1 тэрбум гаруй хүн “Facebook” сайтыг өдөр тутам ашигладаг гэсэн тооцоо гарсан байна.

Жагсаалтын хоёрдугаарт энтерпрайс хэрэглээний програмын зах зээлд тэргүүлэгч “SAP” компанийн гүйцэтгэх захирлууд болох Билл Мк-Дермотт болон Жим Хэйжмэн Снабе нар оржээ. Тэд ард иргэдээс явуулсан санал асуулгаар Марк Цукербергийн нэгэн адил 99 хувийн дэмжлэг авсан байна. 1972 онд Германд 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан софтвейрийн энэхүү компани нь өнөөдөр Америк, Герман, Итали, Япон, Солонгос зэрэг дэлхийн 50 гаруй улс оронд 61 мянга гаруй ажилчидтай дэлхийн хэмжээний том компани болж өргөжжээ. 2012 оны байдлаар тус компаний нийт хөрөнгө 14.16 тэрбумаар хэмжигдэж байгаа бөгөөд өнгөрсөн онд олсон цэвэр ашиг нь 3 орчим тэрбум америк доллар болсон байна.

Шилдэг боссуудын жагсаалтын гуравдугаарт менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “McKinsey & Company” компанийн гүйцэтгэх захирал Доминик Бартон орлоо. Санал асуулгаартэрээр 97 хувийн дэмжлэг авжээ. 17 мянган ажилчинтай уг компани 2010 оны байдлаар 7 тэрбум америк долларын ашиг орлого олсон байна.

Жагсаалтын дөрөвдүгээрт нягтлан бодох, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн дөрвөн том компанийн нэг болох“Ernst & Young”-ийн гүйцэтгэх захирал Жим Тёрли орлоо. Уг компани 167 гаруй мянган ажилчидтай бөгөөд өнгөрсөн оны байдлаар 2.4 тэрбум америк долларын ашиг орлого олсон байна.

Шилдэг боссуудын жагсаалтын тавдугаарт санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг  “Northwestern Mutual” компанийн гүйцэтгэх захирал Жон Шлифски орлоо. Уг компани 1857 онд байгуулагдсан бөгөөд 2010 оны байдлаар 23 тэрбум америк долларын ашиг орлого олсон байна.
Д.Амар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш