logo
Иранчууд шинэ жилээ тэмдэглэлээ

Иранчууд шинэ жилээ тэмдэглэлээ

2013/03/23
Иран улсад 3-р сарын 22-нд Наурызын баярыг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баяр болохоос хэдэн долоо хоногийн өмнөөс дэлгүүр хоршоод хөл хөдөлгөөнөөр дүүрч, хүмүүс уламжлалт баярын зоог хүнсээ базаажээ. Энэ баяраар дэлхийн өнцөг булан бүрт амьдран суудаг Ислам шашинтнууд халуун ам бүлээрээ цугларч, шинэ оноо угтдаг. Персийн шинэ жил болохоос нэг долоо хоногийн өмнө нийслэл Тегеран хотод  Ираны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хамтлаг, дуучид, хөгжимчид болон бүжигчид оролцсон томоохон хэмжээний фестифаль зохион байгуулагдсан байна. Шинэ жилийн баярын үдэш хүмүүс Ираны уламжлалт зоог болох “Сабзиполо” хэмээх будаа, төрөл бүрийн ногоо, загасаар хийсэн зоогийг барьдаг уламжлалтай. Алим, эрдэнэ шиш, ногоо  зэрэг Иранаар “S” үсгээр ихэлсэн 7 төрлийн хоол хүнсийг дэлгэн тавьсан ширээнд гэр бүлээрээ тойрон суудаг бөгөөд энэ бүгд нь элбэг хангалуун, эрүүл саруул байх болон хөгжил цэцэглэлтийн бэлэг тэмдэг болдог. Наурызын баяртай зэрэгцэн бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсдөг нь нууц биш. Учир нь хүмүүс шинэ оноо шинээр угтах гэж бүгд дэлгүүрээс худалдан авалт хийдэг байна.“Шинэ жил болохоор бүх зүйл шинэ болдог. Хүмүүс шинэ жилдээ зориулж шинэ хувцас худалдан авдаг” хэмээн нэгэн оршин суугч “Ассошиэтед пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тажикистан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргызстан, Иран, Туркменмистан, Турк зэрэг улс орнуудын төлөөлөгчдийн өргөн барьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2010 онд Наурызын баярыг Олон улсын баяр болгон баталсан. Наурыз бол шинэ жилийн эх бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцдэг өдөр. Наурыз гэдэг үг нь Иранаар “Шинэ өдөр” гэсэн утгатай юм. Уг баярыг ойролцоогоор МЭӨ 648-330 оны үеэс тэмдэглэн иржээ.

Д.Амар


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш