logo
Засгийн газрын ээлжит хуралдаан болов

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

2013/03/25
Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  • 2012 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотноо, 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо гарын үсэг зурсан “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулсан “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ыг тус тус баталлаа. Хоёр талын цэргийн санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2, 075, 000. 00 турк лиртэй тэнцэхүйц америк долларын буцалтгүй тусламж олгох үйл ажиллагааг энэхүү хэлэлцээрээр зохицуулна. 
  • “Засгийн газрын тусгай сангуудын тухай танилцуулга”-ыг хэлэлцэж, тусгай сангуудын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах, сангуудын хөрөнгийн удирдлага, ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын тусгай сангуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан 2013 оны Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн мэдүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгав. 
  •  Улс, аймаг, нийслэл, сум дүүргийн болон ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа ойн сангийн талбай, ойн зохион байгуулалтын ажилтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах  “Ойн зохин байгуулалт хийх журам”-ыг батлав. 
  • Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсох, тэдний саналыг хүлээж авах 11 11 төвийн үйл ажиллагааны талаарх танилцуулгыг сонслоо. Энэ таван сарын хугацаанд тус төвд нийт 33000 гаруй санал ирснээс 30 мянгад нь хариу өгөөд байгаа юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш