Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Сүрьеэгийн эмчилгээ үйлчилгээг сайжруулсанаар уг өвчнөөс иргэдийн амь насыг аварч, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг нь дэлхийн олон оронд нотлогдсон. Харамсалтай нь цөөн орон энэ асуудалд анхаарал тавьж, дэлхий дээр сүрьеэтэй тэмцэхэд шаардлагатай хөрөнгийн 6 хувь нь олон улсын байгууллагуудаас хандивлагддаг. Манай улсын хувьд сүрьеэтэй тэмцэх асуудалд ихээхэн анхаарал тавьж, санхүүжилтэд анхаарах, хувийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, түүнчлэн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахыг зорьж байна. Үүний нэг илрэл нь 2013 оны 5 дугаар сард Глобаль сантай хамтран “Сүрьеэгийн тархалтын судалгаа”-г эхлүүлж 92 нэгжийн 45000 хүн хамруулна. ” гэв.
Сүрьеэгийн өвчлөл нь хөгжлийн хувьд ядуу буурай орнууд төдийгүй өндөр хөгжилтэй аж үйлдвэржсэн орнуудын хувьд ч гэсэн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Манай оронд жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагийн 70 гаруй хувийг хөдөлмөрийн ид насны буюу 16-44 насны залуучууд, 10 орчим хувийг 15 хүртэл насны хүүхдүүд, 70 гаруй хувийг амьжиргааны баталгаажих доод түвшингээс бага орлоготой хүмүүс эзэлж байгаа нь сүрьеэ нь нийгмийн тулгамдсан асуудал болохыг харуулж байна.
Монгол улсын засгийн газраас юуны түрүүнд сүрьеэгийн эм, лабораторийн оношлуур зэрэгт санхүүжилт нэмэгдүүлэх талаар ажиллаж байна. Жил бүрийн сүрьеэтэй тэмцэх өдрийг энэ өвчний тухай болон түүнийг бууруулахад ямар арга хэмжээ авч байгаа талаар дэлхийн хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд “Бид сүрьеэгүй дэлхий дээр амьдрахыг хүсч байна” гэсэн уриан дор дэлхийн хэмжээнд тэмдэглэж байна.
Хэвлэлийн бага хуралд эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга О.Батбаяр, Монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Ганхүү, Глобаль сангийн мэргэжилтэн А.Елиза зэрэг албаны хүмүүс оролцлоо.