Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, НХЯ, Сингапур улсын Темасек сан, Наньян Политехникийн их сургууль хамтран хэрэгжүүлсэн “Монгол улсын сувилагч, нийгмийн ажилтнуудад зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт” төслийн хаалтын ёслолын ажиллагаа өнөөдөр ЭМЯ дээр зохион байгуулагдав.
Сингапурын Наньяны Политехникийн их сургуульд нийт 170 сувилагч, нийгмийн ажилтнуудыг 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулснаас сувилахуйн удирдлага, хүүхдийн сувилахуй, яаралтай тусламжийн сувилахуй, мэс заслын сувилахуй, сувилахуйн сургагч багш гэсэн 5 мэргэжлээр 8 эмнэлгийн 96 сувилагч суралцжээ.
Сургалтад хамрагдсан сувилагч тус бүр 10-аас доошгүй сувилагч нарт өөрийн суралцсан чиглэлээр сургалт зохион байгуулах, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр байгууллагынхаа хэмжээнд 2-оос доошгүй шинэ зүйлийг санаачлан хийхээр харилцан ойлголцлын санамж бичигт тусгагдсаны дагуу уг сургалтад хамрагдсан сувилагч нар өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 1300 гаруй сувилагч нарт сургалт зохион байгуулж, сувилахуйн тусламжийг сайжруулах, өвчтөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 20 гаруй шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлж, тусламж, үйлчилгээний стандартуудыг шинэчлэн, сургалтын шинэ хөтөлбөр боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, үр дүнтэй ажилласан байна.
Ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, төслийн удирдах албаны төлөөлөл, ХАХНХЯ-ны ТЗУГ-ын дарга Д.Золжаргал, Темасек сангийн ерөнхийлөгч ноён Го Гек Ким, Сингапурын Наньяаны Политехникийн Сургуулийн Гадаад харилцааны албаны дарга ноён Цэ Фэнг болон төсөлд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, сувилагч нар оролцлоо.