Уулзалтын дараа УИХ-ын дарга “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, энэхүү уулзалт Монгол Улс, НҮБ-ын харилцаа өндөр түвшинд байдгийн илрэл болсныг онцлон тэмдэглэсэн байна. Энэ талаархи сэтгүүлчийн товч ярилцлагыг хүргэж байна.
-Та НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа. Чухам ямар яриа өрнөв?
-НҮБ-ын гишүүн 180 орон байдаг. Тэр дундаа Монгол Улс болон НҮБ-ын харилцаа онцлог ихтэй. Бид НҮБ-ын энхийг сахиулах хүчинд цэргийн хүч хандивладаг 10 том орны нэг нь. Бас НҮБ-ын гишүүн олон байгууллагын амжилттай ажиллагсдын нэг нь гэж хэлж болно. Энэ мэтчилэн Монгол Улс цөөн хүн амтай гэдгээрээ бус үйл хэрэг, бодлого шийдвэрээрээ НҮБ-ын ажиллагаанд идэвхтэй оролцдог. Шууд хэлбэл байгаа хүчин чадлаасаа илүү хэмжээний оролцоотой байдаг гэж үнэлдэг учраас Монгол Улс, НҮБ-ын харилцаа харьцангуй өндөр түвшинд байдаг. Үүний нэг илрэл нь өнөөдрийн уулзалт болж байна. Саяын уулзалтаар Суданд цэрэг, эмнэлгийн тусламж оруулсан гээд бүх зүйл яригдлаа. Мөн ноён Бан Ги Мүүн Монголд очихдоо далайд гарцгүй орнуудын судалгааны төвийг Улаанбаатарт байгуулахаар болсон. Улсын төсөвт энэ судалгааны төвийн зарим зардал суусан. Тэр ажлаа хурдан эхэлье. Далайд гарцгүй орнуудын хөгжил хэрхэн далайд гарцтай болох вэ, ямар зардал төлөх вэ гэдгээс хамаарч байгаа учраас Монгол Улс энэ тал дээр хамгийн их анхаарал тавьдаг. Тиймдээ ч өөрийнхөө төсвөөс тэнд ажиллах хүмүүсийн цалинг гаргаж, ажлыг нь эрчимжүүлье гэж байгаа. Түүнчлэн цэргийн хүч хандивлагч орны хувьд энгийн орнуудад Монгол офицеруудаа оруулах талаар ярьсан. Ер нь бол хийгдэж буй ажлуудын талаар ярилцлаа.
-Хоёр Солонгос зөрчилдсөөр байна. Энэ талаар ноён Бан Ги Мүүнтэй ярилцав уу?