Хилийн боомтуудад зэрэглэл тогтоох талаар ярилцав
УИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдлын байнгын хороодын хамтарсан тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Батцогт нар Замын-Үүд хилийн боомтын ерөнхий байдал, тээвэрлэлтийн үйл явцтай танилцсны дараагаар “Хилийн боомтын тухай” хуулийн төслийн талаар мэргэжлийн байгууллагуудын төлөөллийн хамт хэлэлцүүлэг өрнүүллээ.
Замын –Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нар хэлэхдээ, “ Хуулийн төсөл голчлон хилийн боомт дээр ажиллах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааны талаар тусгасан байна. Хилийн боомтоор хэн үйлчлүүлэх вэ гэдгийг харгалзан, иргэдийн оролцоо, эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар оруулах нь зүйтэй. Боомтын зөвлөлтэй болно гэсэн байгаа. Бас нэг данхар бүтэц үүсэх вий. Орон нутагтай хэрхэн уялдаж ажиллах вэ гэдгийг нарийн тусгай нь зөв. Улс орны биш байгууллагын эрх ашиг нэгдүгээрт тавигдах эрсдэлтэй. Төр засгаас явуулж байгаа гадаад бодлогын нэг цонхны бодлого алдагдаад байна уу даа гэж ажиглагдах болоод байна. Эрээн хот бол манай Замын –Үүдтэй адил статустай мөртлөө аливаа асуудлыг бидэнтэй биш шууд манай Засгийн газартай харилцаж шийддэг. Энэ нь эргээд манай улсын Засгийн газрын нэр хүндэд сөрөг нөлөөтэй” хэмээв. Энэ саналд УИХ-ын гишүүн М.Батчимэг, “Боомтуудад зэрэглэл тогтоосноор асуудлыг шийдэх боломжтой хийгээд хуулийн төсөлд ойлгомжгүй байдал үүсэхгүй” гэдгийг тайлбарлав.
Гаалийн байгууллагынхан хуулинд хилээр нэвтэрч буй бүх барааны татварыг гаалийн байгууллага хураахаар заасан байдаг. Хэрвээ хилийн боомтын тухай хуулиар энэ асуудлыг өөрчлөх бол татварын байгууллагын чиг үүргийг тодорхойлох ёстой. Мөн хоёр улсын Засгийн газрын түвшинд ярилцан тохирч хил хаах, нээх цагийг ижил болгох талаар саналаа хэллээ.
МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Д.Мөнхжаргал “ Хуулийн төслийн 12.3-т Боомтод хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюултай бараа, бүтээгдэхүүн агуулсан ачаа, тээшийг хадгалах тусгай агуулах байж болно... гэж заасан байна. Ийм агуулах заавал байх ёстой. Одоо гаалийн байгууллагад ч тэр манайд ч тэр аюултай барааны агуулах битгий хэл хураасан барааг хийх агуулах дутмаг байна. Хятадын талд буцаах гэхээр гэрээ хэлэлцээрт бараа буцааж авах тухай заалт байхгүй гээд хүлээж авдаггүй. Устгах нөхцөл бүр ч байхгүй. Тиймээс хуулийн төсөлд хөргүүртэй агуулах байхаар тусгамаар байна” гэлээ.
Эрээний боомт хураамжийн 5 юаниараа хөгжиж байна
Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхчулуун, “Хилийн боомтын мөнгө гэж харахаасаа илүүтэй аюулгүй байдлын цэг гэж хандмаар байна. Хуулийн төслөөр байгууллага хоорондын уялдааг сайжруулах байх гэж найдаж байна” хэмээгээд Хуулийн төслийн 18.1-т “Зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боомтоор нэвтрүүлэх үед гааль, хорио цээрийн хяналтын болон иргэний шилжилт, харьяаллын байгууллага хяналт шалгалт хийнэ” гэсэн дээр тээврийн хэрэгслийн шалгалтыг Хил хамгаалах газар хийнэ гэж нэмэх саналтай байгаагаа илэрхийлэв. Харин Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын Дорноговь салбарын дарга Х.Сайнжаргал “ Иргэний шилжилт гэж манай байгууллагыг хамааруулсан нь зөрүүтэй байгаа. Тиймээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага гэж өөрчилбөл бид зөвхөн гадаадын гэлтгүй Монгол улсын иргэдийн асуудлыг хамарч ажиллах боломжтой” гэв.
УИХ-ын гишүүн Д.Батцогт, “Хуулийн төсөлд хасах, нэмэх зүйл их байгаа юм байна. Иргэдээс хурааж авдаг татаасаа нэгтгэж, эмхлэх нь зүйтэй. Хураамж аваад л байдаг эргээд ямар ч бүтээн байгуулалт байдаггүй. Хяналтыг сайжруулах ёстой. Тиймээс боомт дээр ажилладаг тусгай чиг үүргийн байгууллагууд ажлын хэсэгт саналаа нэгтгээд бичгээр ирүүл” гэж хэллээ.
Монгол Улсаас Эрээн хотод суугаа Ерөнхий Консул Б.Саруул мөн энэ хэлэлцүүлэгт оролцсон. Тэрээр, “ Хятад улс Эрээн хотыг нээлттэй боомт хот хэмээн зарласан. Эрээнд боомтын зөвлөл гэж байдаг. Манайх хилээр гарч байга ахүн бүрээс 1000 төгрөг авдаг бол Эрээний боомт 5 юань хураадаг. Энэ хураасан мөнгө нь жилийн эцэст боомтын захиргаан дээр төвлөрнө. Түүнээсээ бүтээн байгуулалтын асуудлаа шийддэг” хэмээв.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг, “Хуулийн төсөл батлагдснаар боомт, орон нутаг аль аль нь хөгжих ёстой. Чөлөөт бүс үүсснээр олон давуу тал үүснэ. Худалдааны урсгалыг өөрчилж, Эрээний худалдаачдыг Замын-Үүдэд ирүүлдэг болох хэрэгтэй. Мөн томоохон экспортын угсрах үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй” гэдгийг онцлоод Замын –Үүд боомт хөгжих боломжтой гэдгийг тодотгов.
Л.Жаргалмаа