logo
Ерөнхий сайд ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн асуудалд анхаарал хандуулж байна

Ерөнхий сайд ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн асуудалд анхаарал хандуулж байна

2013/03/26

Ажил хайж байгаа хүмүүс хэнд хандаж, хаана ямар ажлын байр байгаа талаарх мэдээллийг олж болох вэ. Тэндэнд ийм мэдээлэл хангалттай байж чадаж байна уу гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхаарал хандуулж Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон Хөдөлмөрийн төв биржийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Ажил хайж буй хүмүүс аймаг, дүүргийнхээ Тамгын газрын Хөдөлмөрийн хэлтэст хандах учиртай. Үүнээс гадна Хөдөлмөрийн төв биржид хандаж болно. Мөн хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг 70 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь иргэдийг ажилд зуучлах байгууллага хангалттай байгаагийн илрэл юм. Хувийн зуучлалын байгууллага нэг хүнийг ажилд зуучилж оруулсны хөлсөнд төрөөс 20 мянган төгрөг авдаг ажээ. Ерөнхий сайдад танилцуулга хийсэн “Алтан боломж” зуучлалын байгууллага 303 хүнийг ажилд зуучилж оруулсан, гэтэл найман сарын дараа тухайн ажлын байрандаа ердөө 20-хон хүн үлдсэн гэсэн баримт хэллээ. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хувь хүний талаас ямар дутагдал гарсан, аж ахуйн нэгжүүд ажилд авсан хүнээ ямар шаардлага биелүүлээгүйн улмаас буцаасныг тодруулж арга хэмжээ авахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт үүрэг болголоо.

 

Засгийн газраас “Үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх хөтөлбөрийг” хэрэгжүүлж эхний ээлжийн 4700 гаруй суралцагч ажил олгогчтой гэрээ байгуулан хичээлдээ ороод байгаа бөгөөд дараагийн ээлжийн сургалт ирэх 4 дүгээр сарын 1-нд эхлэх юм байна.

 

Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцах 10 сарын хугацааг энэ жилээс 2 дахин богиносгож, эхний гурван сард танхимын сургалтаар онолын мэдлэг өгч, дараагийн гурван сард гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагууд дээрээ дадлага хийж байгаа юм.

 Эхний жил тогоочийн сургалтад хамруулдаг, ажил олдохгүй бол ирэх жил нь үсчин, эсвэл мужааны үнэмлэх олгодог ийм буруу тогтолцоог энэ жилээс алга болгон ажил олгогчдын захиалгаар сургалт явуулж, ажлын байраар хангаж ажиллаж эхэлсэн байна.  

Сургалтад хамрагдах таван сарын хугацаанд суралцагч бүрт сар бүр 190 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа бөгөөд гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид нь дадлагын хугацаанд улсаас нэг хүнд 65 мянган төгрөг олгодог байна. Иргэдээ ажилтай, орлоготой болгохын төлөө Засгийн газар ийм боломж олгож, хөрөнгө зарцуулж байхад иргэд хичээл зүтгэлтэй, санаачилгатай, хувийн зохион байгуулалт сайтай ажиллах хэрэгтэй гэдгийг иргэдтэй уулзахдаа Ерөнхий сайд зөвлөж байлаа. 

Ерөнхий сайд өнөөдөр мөн ноолуур болон ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Кашмер холдинг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. 700 гаруй ажилчин, албан хаагчидтай тус компани Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлэн ажил хайж байсан 22 хүнийг сургаж, мэргэшүүлэн ажилд авсны 13 нь тогтвортой ажиллаж байгаа бөгөөд  тэдний 6 нь 1-2 жил болжээ. Тиймээс тус компанийн удирдлагад Засгийн газрын тэргүүн 10 сая төгрөгийн дэмжлэг бүхий батламж гардуулахдаа иргэдээ гадаадад хямд ажиллах хүч болгох биш, эх орондоо ажил, орлоготой байлгахын төлөө хамтарч ажиллахыг уриаллаа. Тус компанийнхан 170 ажлын байр сул байгаа, мэргэшүүлэн сургаж ажлын байраар хангахад бэлэн гэдгээ энэ  үеэр хэллээ.

 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ өдрүүдэд хөдөлмөр эрхлэлт, ажлын байр бий болгох зэрэг асуудалд анхаарал хандуулж үргэлжүүлэн ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш