logo
Шадар сайд газар хөдлөлт, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл хийв

Шадар сайд газар хөдлөлт, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл хийв

2013/03/26

Монгол Улсын Шадар сайд бөгөөд, Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва  өнөөдөр тус зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон цаашид хийх ажлын талаар мэдээлэл хийлээ. Газар хөдлөлтийн гамшгийн аюул, бэлэн байдлыг хангахад зориулж 27 арга хэмжээг байнгын ажиллагаатай зөвлөл нь үндсэн чиглэлээ болгон ажилласан байна. 

Тус зөвлөлөөс хийж буй гол ажил нь энэ оны эцсээр  ашиглалтад оруулах  Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем юм. Систем байгуулах  төслийн явцын талаар  Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа “Систем нь иргэдэд  үүрэн холбоо радио, ФМ, телевиз, дуут дохио, мэдээллийн самбараар гамшгийн талаарх  мэдээллийг 3-5 секундын дотор хүргэнэ. Мөн улс орны онц чухал объектуудад аваар ослоос сэргийлэх хамгаалах дохиог шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж өгнө.Төслийн нийт өртөг нь 11,4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Энэ оны улсын төсөвт дутуу суулгасны улмаас 5,65 тэрбум дутагдаж байна” хэмээн хурлын үеэр мэдээлсэн.

Нийслэлийн барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсээс гаргасан мэдээгээр 1970 оноос өмнө баригдсан тоосгон барилгууд нь  газар хөдлөлтөд тэсвэргүй, 1971 оноос хойшхи  барилгууд нь газар хөдлөлтөд  тэсвэртэй ч хүчитгэх  шаардлагатай, 1965-1980 оны хавтгаалжин угсармал барилгууд хүчитгэн ашиглах боломжтой, харин сүүлийн үеийн орон сууцны зориулалтаар төмөр бетон арга бүтээцтэй барилгуудад газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ хийхэд дийлэнх нь тэсвэртэй гэж үнэлэгдсэн байна.  

Тус зөвлөлөөс ирэх онд хийх ажлын төлөвлөгөөндөө нийслэлийн барилга байгууламжуудын газар хөдлөлтийг тэсвэрлэх байдал, чанарыг шалгах, паспортжуулах мэдээллийн сан байгуулах, нийслэлд болзошгүй гамшгийн үед ашиглах дөрвөн угсардаг гүүр, иргэдэд газар хөдлөлтийн чичэрхийлэл мэдрүүлэх сургалтын тоног төхөөрөмж авах, эрэлч нохойн алба байгуулах ажлыг эхлүүлж ирэх оны улсын төсөвт хөрөнгийн асуудлыг шийдүүлэхээр тусгасан байна. 

  Мөн  байнгын ажиллагаатай зөвлөлөөс газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх, гамшгийн дараах хямралыг богино хугацаанд гэтлэн давах асуудлыг зохицуулах чиглэлээр Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хямралт нөхцөл байдлын үеийн удирдлага, нэгдсэн ажиллагааны тухай хуулийг төслийг боловсруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар бэлтгэж байгаа талаар дуулгасан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш