logo
Малайз Улс дахь Монголын оюутан, залуучуудын  Холбооны  чуулга уулзалт  боллоо

Малайз Улс дахь Монголын оюутан, залуучуудын Холбооны чуулга уулзалт боллоо

2013/03/27
Малайз Улс дахь Монголын оюутан, залуучуудын  Холбооны 2 дугаар чуулга уулзалт 3 дугаар сарын 23-ны Бямба гарагт Куала Лумпур хотын СЭГИ их сургуулийн хурлын танхимд боллоо. Уг чуулга уулзалтад Малайзын их, дээд сургууль, англи хэлний курст суралцаж байгаа 300 гаруй монгол оюутныг төлөөлсөн 150 гаран оюутан залуус оролцов.

Чуулганаар Холбоо байгуулагдсанаас хойшхи нэг жилийн хугацаанд өөрийн иргэд, оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, эх орноо сурталчлах, Монголоос ирсэн хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх талаар хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэн, Холбооны дүрмийг шинэчлэн баталсан болно.

Дээрх чуулга уулзалтад Малайз Улсыг хавсран суух Элчин сайд  Ч.Баттөмөр оролцож, улс орны сүүлийн үеийн байдал, Монгол-Малайзын хоёр талын харилцаа, гадаадад байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, чөлөөт ярилцлагын хэлбэрээр сонирхсон асуултад нь хариу өглөө.

Мөн сүүлийн үед зарим оюутан залуус өөрсдийн болгоомжгүйгээс хар тамхины холбогдолтой хэрэг төвөгт орооцолдох, эд зүйл, баримт бичгээ үрэгдүүлэх, дээрэмдүүлэх, осол эндэлд өртөж байгаа талаар мэдээлэл солилцож, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байдаггүй энэ улсад тус Холбооны үүргийг улам нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөн, төрөөс боломжтой бол санхүүгийн талаар дэмжих шаардлагатай байгаа талаар төлөөлөгчид чөлөөтэй санал солилцлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш