logo
Монгол дахь Канадын компаниудын удирдлагуудтай уулзав

Монгол дахь Канадын компаниудын удирдлагуудтай уулзав

2013/03/27
УИХ-ын дарга З.Энхболдын Канад улсад хийж байгаа албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна.

   УИХ-ын дарга өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Канадын компаниудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Канадын уул уурхайн компаниуд улс орныхоо эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг байна. Канадын компаниуд сүүлийн жилүүдэд манай улсын олборлох салбарт хөрөнгө оруулж байна. Тухайлахад 2010 онд Канадын олборлох салбарын гадаад орнуудад хийсэн хөрөнгө оруулалт 79,3 тэрбум доллар байжээ. Канад улсад төвтэй компаниуд дэлхийн боловсруулах үйлдвэрлэлийн зардлын 43 хувийг эзэлдэг бөгөөд 2010 онд дэлхийн боловсруулах болон уул уурхайн компаниудын 75 хувь нь Канадад төвтэй гэсэн судалгаа хийгджээ. Иймээс Канадын Засгийн газар хөгжиж буй орнуудад ажиллаж байгаа компаниуддаа тавих шаардлагаа өндөржүүлж, өөрийн улсын имижийг эерэгээр бүрдүүлэх стратеги барьж байгаа аж.    Харин манай улс Канадын компаниудад нийгмийн хариуцлагаа ухамсарлах, байгалийн нөхөн сэргээлтийг дүрэм журмын дагуу хийж, манай улсын хууль дүрмийг чанд мөрдөж ажиллахыг сануулдаг.
 Саяхан УИХ-ын дарга зүүн аймгуудад томилолтоор ажиллахдаа газрын тосны салбарт ажиллаж байгаа гадаадын компаниудын үйл ажиллагаатай танилцсан. Гадаадын компанид ажиллаж байгаа монгол ажилчдын цалин хөлс, амьдрах нөхцөл байдал бодит байдлаас зөрүүтэй байдгыг дурдаад Канадын компаниудад ч энэ шаардлага ижил үйлчлэхийг санууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш