logo
Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

2013/03/27
УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг өнөөдөр /2013.03.26/  Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуягт хандан  шаардлага хүргүүлжээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ талаар  хэлэхдээ “Манай улс Үндэсний баяр наадмын тухай хуультай боловч  хурдан морины уралдааныг зохицуулах тухай тусгайлсан хууль байхгүй байна. Эртний түүхтэй, үндэсний соёлын нэг хэсэг болсон морин уралдаан уламжлал ёсоо хадгалж байх нь тодорхой. Гэхдээ эртний уламжлалд морио, хүүхдээ хайрладаг байсан. Одоо зохион байгуулж байгаа уралдаанууд  “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм” болон “Монголын морин спорт, уяачдын холбооны дүрэм”-ээр зохицуулагдаж байгаа боловч тэдгээрт  хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдолд  хариуцлага хүлээх байгууллага, эзэн тодорхойгүй, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо тусгагдаагүй байна. Тиймээс Засгийн газарт Морин хуралдааны тухай хуулийг санаачилж энэ хаврын УИХ-ын чуулганы хугацаанд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж байна” гэлээ. 

   Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар хурдны мориноос унаж бэртэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ирж эмчлүүлсэн  хүүхдийн тоо зөвхөн 2009 оны эхний 9 сарын байдлаар гэхэд 158-д хүрч байжээ.  Нийт эмчлүүлсэн  хүүхдийн 85,4 хувь нь эрэгтэй, 14,6 хүүхэд нь эмэгтэй, хамгийн том нь 18, бага нь 4 настай байжээ. Өвчний оношийг эзлэх хувиар нь жагсаавал мөр ба бугалганы хугарал 34,2, шууны яс хугарал 19,6, гавал доторх бэртэл 11,4, гавал ба нүүрний ясны хугарал 8,86, шилбэний ясны хугарал 7,59, дунд чөмөгний хугарал 7,59, бусад гэмтэл 10,76 хувийг эзэлдэг байна. 2010 онд 222, 2011 онд 254, 2012 онд 326 хүүхэд мориноос унаж гэмтэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс өнгөрсөн онд 2 хүүхэд нас баржээ. Гэхдээ энэ тоо, баримтад орон нутгийн мэдээлэл ороогүй байна.

   УИХ-ын гишүүн С.Одонтуяа уралдааны морь унаж буй хүүхэд ар гэрээ тэжээх зорилгоор амь биеэ хайрлалгүй морь унадаг, эсвэл хурдан морины эзэд хүүхдийг эдийн засгийн гачигдлаар нь ашигладаг байхаас сэргийлэх, хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх, аюулгүй байдлыг нь хангах зэрэгт эрх зүйн орчинг зайлшгүй сайжруулах шаардлагатай байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Засгийн газрын тэргүүнд хүргүүлж буй шаардлагыг УИХ-ын эмэгтэй гишүүд 100 хувь дэмжиж байгаагийн зэрэгцээ  хурдны морь унадаг хүүхдийн илгээсэн захидлыг шааардлагад хавсаргасан байна.

        Нэрээ нууцлахыг хүссэн хүү захидалдаа “Манай сургуульд 500 хүүхэд байдаг. Ихэнх хүүхэд морь унадаг учраас хичээлийн хоцрогдол ихтэй. Энэ сургуулийн 60-70 хүүхэд морь унадаг.

Бидний хийдэг ажил:

  • Өглөө 8 цагт очоод морь услах тэжээл өгөх гэх мэт маш их ажил хийдэг.
  • 11 цагт өдөр бүр уралдаантай байдаг учир хүүхэд бүр морь унадаг.
  • Орой морь услаад тэжээл өгөөд 19 цагт гэртээ харьдаг.
  • Бид морь унаж ирээд халуун хоол цай иддэггүй. Өөрсдөө хоол хийж иддэг.
  • Хувцас, малгай, бээлийг өөрсдөө гаргадаг.
  • Өвөл хаврын цагт чих, гар, хацар, хөл хайрах, хагарах, хөлдөх асуудал нь  хэвийн зүйл болтлоо давтагддаг.
  • Мориндоо өшиглүүлэх, унах тохиолдол их байдаг.
  • Цалин гэж сард 150.000 төгрөг авдаг.
  • Морь унаж байгаа хүүхдүүд хоорондоо их зөрчилддөг.
  • Унаач хүүхдүүд хичээлээс их хоцорч, тасалдаг учир сурлагаар хоцрогдолд ордог.

   Би 2013.03.03-нд Дүнжингаравын уралдаанд морь унасан. Гар, чих, хацар, хөл их даарсан. Уралдаанд орж ирээд халуун хоол идээгүй, өөрсдөө хийж идсэн. 2013.03.09-нд бас САА-н уралдаанд орсон. Маш хүйтэн өдөр байлаа. Дараагийн уралдаан нь 4 дүгээр сарын 7-нд болон 5 дугаар сард болно.

   Хүүхдүүд гэрээсээ 6 дугаар сард яваад 8 дугаар сард ирдэг. Зун хоёр сарын турш гэрээсээ хол айл айлаар явж, наадам болгонд морь унаж цалин гэж өнөөх л 150.000 төгрөг авдаг. Гэр орноо тэжээхийн тулд арга буюу хийдэг” гэжээ.

    Ингээд Засгийн газрын тэргүүнд хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн

тэргүүн  Норовын Алтанхуяг танаа

 

             2013.03.26                                      Хүүхдийн эрх ашгийг хамгаалах тухай                                

 

     Монгол наадмын гурван бахархалт төрлийн нэг болсон морин уралдаан эртний түүхтэй, манай үндэсний түүх соёлын салшгүй нэгэн хэсэг билээ. Гэвч сүүлийн жилүүдэд хурдан морины уралдааныг Засгийн газрын тогтоолоор болон хүссэн байгууллага, иргэдийн санаачилгаар жилийн дөрвөн улирлын турш зохион байгуулах хандлага байгаа ба түүнийг дагасан олон сөрөг үзэгдэл буй болж байна. Тэдгээрийн дотроос жил бүр олон тооны бага насны хүүхэд наадам, зугаа цэнгэлийн золиос болж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаатай Засгийн газар эвлэрэх учиргүй гэж үзэж байна.

Эдгээр асуудлаас бид Танд хандан дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

  Нэг. Монгол Улс Үндэсний баяр наадмын тухай хуультай боловч бусад Хурдан морины уралдааныг зохицуулах тухай тусгайлсан хууль байхгүй байгаа нь уралдаан дагасан сөрөг үзэгдэл, түүний дотор хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хүн ёсны эрх зөрчигдөх шалтгаан болж байна. Одоо зохион байгуулж байгаа уралдаанууд “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм” болон “Монголын морин спорт, уяачдын холбооны уралдааны дүрэм”-ээр зохицуулагдаж байгаа ч тэдгээрт хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх байгууллага, эзэн тодорхойгүй, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо тусгагдаагүй байна. Иймд Засгийн газраас дараах зайлшгүй зохицуулалтыг тусгасан Морин уралдааны тухай хуулийг санаачилж хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

  1. Бүх төрлийн морин уралдааны үед морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах аюулгүй байдлын шаардлага, үндэсний стандартыг тодорхой болгох. Тэдгээрийг хэрэгжүүлэх, хяналт тавих хариуцлагын тогтолцоог тодорхой хуульчлах. Хууль зөрчиж, хариуцлага алдсан этгээдэд оногдуулах хариуцлагыг хатуу тогтоох.
  2. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын эрх, үүрэг оролцоог баталгаажуулах
  3. Унаач хүүхдийн амь нас, болзошгүй ослын тусгайлсан даатгалыг буй болгож, бүх унаач хүүхэд уг даатгалд хамрагдах шаардлага, нөхцөлийг хуулиар бүрдүүлэх
  4. Өвлийн морин уралдаан бага насны хүүхдийн эрүүл мэндэд учрах эрсдлийг ихээхэн нэмэгдүүлж байгаа бодит байдалд дүгнэлт хийж, одоо мөрдөж байгаа дүрмээр “тухайн жилийн намрын дунд сарын 17-ноос хаврын тэргүүн сарын 3-ны хугацаанд морин уралдааныг хориглосон” хугацааг сунган “хаврын адаг сарын 17” болгож өөрчлөх
  5. Хэт бага насны хүүхдээр морь унуулахгүй байх. Унаач хүүхдийн насны доод хязгаарыг хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенци, эцэг эхчүүд, олон нийтийн санал бодолд тулгуурлан хуулиар тогтоох
  6. Морин уралдааныг мэргэжлийн спорт болгон хөгжүүлэхийг түлхүү дэмжсэн бодлогын зохицуулалтыг буй болгох
  7. Улсын их баяр наадмаас бусад үед Засгийн газрын тогтоолоор элдэв морин уралдаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг зогсоож морин спортын холбогдох төрийн бус байгууллага нь спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэж хариуцлагаа хүлээдэг тогтолцоог бий болгох.

   Хоёр. Засгийн газраас холбогдох тооцоо судалгаа, олон нийтийн өргөн хэлэлцүүлэгт суурилсан хууль боловсруулж өргөн барих нь зүйтэй бөгөөд хууль өргөн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэлх хугацаанд дахин бага насны хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирох нөхцөлийг гаргуулахгүй байх шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг онцгойлон хүсч байна.

Хүндэтгэсэн:

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН                             С.ОДОНТУЯА

                                                                            Ц.ОЮУНГЭРЭЛ

                                                                            М.БАТЧИМЭГ

                                                                             С.ОЮУН

                                                                             Д.АРВИН

                                                                             Р.БУРМАА

                                                                             Д.САРАНГЭРЭЛ                                                                                   
                                                                                                      

 

УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш