УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр доктор, профессор Ч.Авдайд 70 насны ойг нь тохиолдуулан баяр хүргэж, хүлээн авч уулзлаа.
Тэрээр, Ч.Авдай багшгүйгээр Монгол Улсын техникийн боловсролыг төсөөлөхөд бэрх. Таныг Авдай багш гэхээсээ илүүтэй Авдай гишүүн гэдгээр тань олон нийт бас сайн мэддэг. Манай улсад Парламентын үйл явц төлөвшихөд таны оруулсан хувь нэмэр их гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна гээд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай идээний дээжийг түүнд өргөн барилаа.
Ч.Авдай гуай тэтгэвэртээ гарсан хэдий ч эрдмийн ажлаа орхиогүй бөгөөд ШУТИС-д багшилсаар байна. Нэг цаг хичээл заахад 100-гаад хүн хамрагдаж байгаа, үүний зэрэгцээ “Хүрээ” их сургуульд сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирлын албыг мөн эрхэлдэг гэж тэрээр ярьж байв.
Ч.Авдай доктор улсад нийт 47 жил ажиллаж байгаа аж. Үүний 16 жил 4 сард нь ШУТИС-ийн захирлын албыг хашиж байжээ. Тэрээр 30 гаруй сурах бичиг, 50 шахам ном бичиж, орчуулсан төдийгүй 200-гаад эрдэм шинжилгээний бүтээл туурвисан байна. Түүнчлэн шинэ бүтээлийн 26 патенттай, тэдгээрийн ихэнх нь үйлдвэрлэлд нэвтэрсэн аж. Өнгөрсөн онд л гэхэд чацаргана боловсруулах чиглэлээр хийсэн ажил, патентаараа олон улсын хэмжээнд “Алтан медаль” хүртсэн бол 2011 онд чацаргана судлалын ажлаараа дэлхийн шилдэг эрдэмтэн болжээ.
Ч.Авдай УИХ-д найман жил гишүүнээр сонгогдон ажилласан. “Улсын Их Хурал бол амьдралын том сургууль юм. Хичээл зүтгэлтэй, төр түмнийхээ төлөө чин сэтгэлээр ажиллаж чадвал их зүйлийг сурч мэддэг талбар” хэмээн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргатай тэрээр хөөрөлдөж байлаа.
Монгол Улсын Ардын багш, ШУА-ийн жинхэнэ гишүүн, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Авдай гуай өдгөө ийн 70 насыг хүрч буй бөгөөд төрөлх сургууль нь түүний нэрэмжит Эрдмийн баярыг нөгөөдөр хийхээр болжээ. Мөн эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал энэ үеэр зохиогдоно гээд УИХ-ын Тамгын газрын ЕНБ-ийн даргыг тэрээр Эрдмийн баяртаа урьсан юм.
Ч.Авдай докторт баяр хүргэх үеэр УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ринчин нар байлцлаа.
Референт Н.Тунгалаг