Өнгөрсөн оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт болон тухайн аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээ 49 хувиас дээш байх тохиолдолд УИХ-аас зөвшөөрөл авахаар заасан нь хөрөнгө оруулагч, түүнээс дээш хөрөнгө оруулалтыг саналаараа хийх хүсэл, эрмэлзлийг багасгах хандлага төрүүлж байгаа юм байна. Учир нь УИХ-аас шийдвэрлэх тухай хэлцэл нь салбараасаа шалтгаалаад хэт жижиг, тухайлбал, уул уурхайн салбарт өрөмдлөг эсхүл тээвэрлэлт зэрэг асуудал байж болохоор байгаа бөгөөд тэр бүрт УИХ хэлэлцэж шийдвэр гаргах нь ажлын ачаалал болон бизнесийн орчны хувьд таагүй, тохиромжгүй нөхцөл байдал үүсгэж байна гэдгийг Ч.Сайханбилэг сайд ярилаа. Тиймээс Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 4.7 дугаар заалтыг өөрчлөн найруулж, 100 тэрбум төгрөгийн босгыг арилгах, УИХ-аас 49 хувиас дээш зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн холбогдох хэлцлийг шийдвэрлэж байхаар хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл энэ хаврын УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтад тавигдаж буй зөвшөөрөл авах үйл ажиллагаа тодорхой болж, илүү шуурхай шийдэгдэх боломж нээгдэнэ хэмээн Засгийн газар үзэж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.