Шадар сайд уулзалтыг нээж “ Энэ арга хэмжээний үеэр ханган нийлүүлэлтэд үндэсний үйлдвэрүүдийн оролцох оролцоог нэмэгдүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлэхийн төлөө миний бие болоод миний эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй агентлагууд томоохон үүрэгтэй. Шинэчлэлийн Засгийн газрын томоохон зорилтын нэг нь “Орлоготой, ажилтай монгол хүн”-ийг бий болгох явдал. Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг эх орны бүтээн байгуулалтад нийлүүлэх, тогтвортой үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бүрдүүлж шинэ ажлын байр бий болгох, байнгын дотоодын зах зээлийг нээж өгөхөд энэхүү үзэсгэлэн чухал ач холбогдолтой”-г онцлон хэлсэн юм.
Уулзалтын үеэр арс, шир үйлдвэрлэгчдийн холбооноос Монгол улсад үйлдвэрлэж болох бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаж, түүнд нь таарсан зэрэглэл /стандарт/ тогтоох саналыг гаргасан юм. Шадар сайд үйлдвэрлэгчдэд хандан үйлдвэрлэлийн процесс амаргүй байдгийг үйлдвэрлэл дээр ажиллаж байсан хүний хувьд би сайн мэдэх юм. Тийм учраас бусдаас л илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Чанар, хугацаа, үр ашиг чухал. Дээрхи саналыг дэмжиж байна, ярьсан хэлсэн зүйлээ олон дахин давтаж ярих биш алхам алхамаар ажил хэрэг болгох ёстой. Тийм учраас хамтарсан ажлын хэсэг байгуулж саналаа нэгтгэх хэрэгтэй гэлээ.
Уулзалтад оролцогсод үндэсний үйлдвэрлэгчдээс бүтээн байгуулалтын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээ хэлцэл хэрхэн хийх, тендер шалгаруулалтад хэрхэн оролцох гэх зэрэг олон асуултыг холбогдох албаны хүмүүст тавьж, харилцан санал бодлоо солилцлоо.