logo
“Монголчуудын гарал, Монгол угсаатан бүрэлдсэн нь” төсөл хэрэгжиж эхэллээ

“Монголчуудын гарал, Монгол угсаатан бүрэлдсэн нь” төсөл хэрэгжиж эхэллээ

2013/03/29

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор түүхч, угсаатны зүйч, генетикч, антропологич, археологич, хэл шинжээч 15 эрдэмтнээс  бүрдсэн  баг  “Монголчуудын гарал, Монгол угсаатан бүрэлдсэн нь” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Монголчууд 2200  гаруй жилийн төрт ёсны түүхтэй, Азийн өвөг ард түмэн бөгөөд Монгол орон нь эртний хүмүүсийн амьдарч, аж төрсөөр ирсэн өлгий нутгийн нэг юм. Сүүлийн үеийн судалгаагаар Монгол нутагт наад зах нь 800 000 жилийн өмнөөс хүн суусан нь тогтоогдоод байгаа.  Гэтэл Монголчуудын угсаа гарал, монгол угсаатан хэрхэн үүсэж бүрэлдсэн талаар гаднын зарим судлаачдын дүгнэлтийг эс тооцвол  цэгцтэй ойлголт байдаггүй. Аливаа ард түмний угсаа гарал, угсаатан болж бүрэлдсэн асуудал бол тухайн ард түмний түүх, угсаатан судлалын тулгуур сэдэв бөгөөд уг асуудлыг тодруулснаар цаашдын судалгааны олон чиглэл  салаалан хөгждөг. Тиймээс   гарал угсаатны үүсэл хөгжлийг шинжлэн тодруулах нь  Монгол үндэстний түүхийг шинээр авч үзэхэд чухал ач холбогдолтой гэж эрдэмтдийн баг үзэж байна.  

  Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монголчуудын гарал, Монгол угсаатан бүрэлдсэн нь” төслийн багийн эрдэмтдийг хүлээн авч уулзах үедээ   энэ төсөл хэрэгжсэний үр дүнд Монголчуудын гарал, Монгол угсаатан хэрхэн бүрэлдсэн тухай үндэсний эрдэмтдийн боловсруулсан шинжлэх ухааны шинэ үзэл баримтлал бий болно. Энэхүү үзэл баримтлал нь бүх шатны сургуулийн сурах бичиг, гарын авлага, сургалтын агуулгын үндэс суурь болж өгөх ач холбогдолтой юм гэж    хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш