logo
”Eрөнхий сайд ба 10 асуулт, хариулт” хоёр дахь удаагийн уулзалт боллоо

”Eрөнхий сайд ба 10 асуулт, хариулт” хоёр дахь удаагийн уулзалт боллоо

2013/03/29

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар дахь Дипломат корпус, олон улсын байгууллага, гадаадын хэвлэл мэдээллийн байнгын сурвалжлагчдын сонирхсон асуултад хариулт өгдөг “Ерөнхий сайд ба 10 асуулт, хариулт” хоёр дахь уулзалтаа өнөөдөр хийлээ.

Засгийн газраас өчигдөр УИХ-д өргөн барьсан “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуульд ямар нэмэлт өөрчлөлт оруулахаар санал оруулсныг тэд сонирхсон. Тус хуульд оруулсан гол өөрчлөлт нь энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид зөвхөн гадаадын төрийн болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагч 49-өөс илүү хувь эзэмших тохиолдолд УИХ шийдвэрлэхээр, гэхдээ оруулах хөрөнгийн хэмжээг заахгүй байхаар заасан явдал гэж Ерөнхий сайд хэллээ. Үүний зэрэгцээ татвар, хуулийн орчинг тогтвортой болгоход чиглэсэн “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж байгааг дуулгалаа.

Монголын эдийн засгийн хөгжилтэй холбоотой ямар төслүүдэд гадаадын хөрөнгө оруулагчид оролцох боломжтой талаар Дипломат корпус, олон улсын байгууллагууд тодорхой мэдээлэл хүссэн юм. Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай хэд хэдэн тодорхой төсөл, салбарт хамтран ажиллахад бэлэн байгааг Ерөнхий сайд танилцууллаа. Шинэ төмөр зам, ТЭЦ-5, Таван толгойн цахилгаан станц, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон хурдны зам, Хөшигийн хөндийд барих нисэх онгоцны буудал, нефть боловсруулах үйлдвэр болон зам, барилгын салбарт хамтарч ажиллах боломжтой бөгөөд зарим төсөлд хөрөнгө оруулагчид саналаа ирүүлж байгааг Засгийн газрын тэргүүн дурьдлаа. 

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй цаг үеийн шинжтэй ажлуудын явц, үр дүнгийн талаар ч асуултууд ирүүлсэн. “Чингис” бондоос санхүүжүүлэх төслүүд, Оюутолгойн хувь нийлүүлэгчидтэй хийж буй хэлэлцээрийн явц, уул уурхайгаас олсон орлогоо үр дүнтэй ашиглаж хойч үедээ хуримтлал үлдээхийн тулд төлөвлөсөн ажил, “11 11 төв”-д иргэдийн тавьсан асуудлын шийдвэрлэлтийн үр дүн, ойрын үед Монголд айлчлах бусад орны төрийн өндөр хэмжээний төлөөлөгчид зэргийн талаар Ерөнхий сайд мэдээлэл өглөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш