logo
Цемент, арматурын үнийг тогтворжуулна

Цемент, арматурын үнийг тогтворжуулна

2013/03/29

Барилга, хот байгуулалтын яамнаас өнгөрсөн нэгдүгээр сард Монголбанктай “Үнэ тогтворжуулах” гэрээ байгуулсны дагуу барилгын арматур, цемент нийлүүлдэг аж ахуй нэгжүүдтэй өнөөдөр гэрээ байгуулав.

Хамтарч ажиллан үнэ тогтворжуулах гэрээ байгуулсан 38 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа гурван жилээс дээш хугацаагаар цемент, арматур импортоор оруулж ирсэн туршлагыг гол шалгуур болголоо. Эдгээр аж ахуйн нэгжид 100 сая төгрөгөөс 4 тэрбум төгрөг хүртэл хэмжээний хөнгөлөлттэй зээл олгох юм.  Харин аж ахуйн нэгжүүдийн хувьд ирэх аравдугаар сар хүртэл буюу барилгын улирлын идэвхтэй үед үнэ  тогтвортой байлгах,  үнэ нэмэгдүүлэхгүй байх үүрэг хүлээх юм.

Гэрээ байгуулахын өмнө барилгын материал нийлүүлдэг аж ахуй нэгжүүдээс цементийн задгай үнийг 175, ууттайг 165 мянган төгрөг байхаар гэрээнд тусгах санал гаргасан нь маргаан дагуулсан юм.  

Энэ талаар Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Баатар “Манай холбоо гуравдугаар сарын 15-нд байгуулагдсан.  Жилд гурван сая тонн цементийн хэрэгцээ байдаг. Барилга барьж байх ид үед цементийн үнэ нэмэгдэж 210 мянган төгрөгт хүрч  байсан. Тиймээс бид дунджаар задгай үнийг 170, ууттай үнийг 165 мянган төгрөг байлгаснаар үнэ  нэмэгдүүлэхгүй нийлүүлэх бүрэн боломжтой.  Задгай цементийн хувьд ажиллагаа ихтэй, зардал ихтэй, технологи нь өөр байдаг учраас  бид үнийг  170, 165 мянган төгрөгөөр байлгах санал дээр багагүй маргалдлаа. Гэхдээ хоёр тал ойлголцсон учраас гэрээнд гарын үсэг зурахаар боллоо” гэсэн юм.

Гэрээний дагуу  Монголбанкнаас аж ахуйн нэгжүүдэд  370 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох юм.  Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба  “Аж ахуйн нэгжүүдэд 100 саяас дээш төгрөгийн зээл олгоно. Барилгын материалын үнэ долоо, наймдугаар сард хамгийн өндөр байдаг.  Арматур нь 145, цемент нь 210 мянга хүрэх тохиолдол ч бий.  Гэрээг байгуулснаар одоогийн байгаа үнэд нь барих боломж бүрдүүлж байна” гэлээ.

Орон  сууцны үнэ тогтворжуулах, иргэдээ хөнгөлөлттэй зээлээр орон сууцжуулах зорилготой ажиллаж буй Барилга, хот байгуулалтын яамны зүгээс дээрх гэрээг байгуулснаар барилгын материалын үнийг тогтвортой байлгаж, цаашлаад орон сууцны метр квадратын үнийг бууруулах боломжтой гэж үзэж байна.

Маргааш БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, барилгын материал нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд гурвалсан гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш