Засгийн газрын агентлаг болох Бритиш Колумби мужийн Ойн шинэчлэл, хөрөнгө оруулалтын агентлагийн захирал УИХ-ын даргад компанийнхаа үйл ажиллагааг танилцуулав. Тус агентлаг нь ойн бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлэх, ойн нөөц баялгийн үнэлгээг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлдэг байна. Канадын ой модны 95 хувь нь төрийн мэдэлд байдаг учраас модоо хангалттай ашиглаж, нөхөн сэргээлтийг ч өндөр хэмжээнд хийдэг аж.
УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй манай парламентын төлөөлөгчид мод үйлдвэрлэлээр дэлхийд алдартай “Линвүүд”, ” Интерекс” компаниудад зочиллоо.
“Линвүүд” компани нь манай улсын ШУТИС-тай хамтран ажиллаж байна. Тус сургуульд загварын хоёр байшин барьж өгснөөс гадна “Шинэ сум төсөл“ дээр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хотын алслагдмал дүүргүүд болон зарим аймгийн сумдад цэцэрлэг, сургуулиийн барилга баригдаж байгаа аж.
Канад модон байшин нь 80-100 жилийн баталгаатай. Улаанбаатар хотод гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаатай уялдуулан тус компани зарим судалгаа хийж байгаа аж. Эхний ээлжинд нэг байшинд нэгээс гурван айл амьдрах боломж бүрдүүлэх бөгөөд Гандангийн дэнж орчимд энэ төслийн судалгааг хийж байгаа юм байна.
Канад, Монголын цаг агаарын нөхцөл байдал нэлээд төстэй. Өвөрхангай аймгийн зарим сумдын багийн төвд Канад байшин төслийг хэрэгжүүлсэн агаад чанарын стандарт нь манай орны өвлийн нөхцөлд тохиромтой нь нотлогджээ. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд “Энэ бол хэн нэгэндээ тусалж байгаа хэрэг бус зах зээлийн өрсөлдөөн гэж ойлгож байна. Канадын компаниуд Монголд орж ирснээр тэдний зах зээл тэлж байгаа бол Монгол Улс дэлхийд байгаа олон стандартаас Канад байшинг сонгож буй нь харилцан хамтын ажиллагаа юм” гэдгийг онцоллоо.
УИХ-ын дарга маргааш Ванкувер хотод аж төрж буй монгол иргэдтэйгээ уулзана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.