Эмэгтэй парламентчид ОУПХ-ны жендерийн асуудлаарх үйл ажиллагаа, Жендерийн мэдрэмжтэй парламентуудын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэхийн зэрэгцээ улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, үүний дотор бэлгийн хүчирхийллийн талаар ярилцсан юм.
Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, хувь нэмэр нь хүний хөгжил, ардчилсан засаглалын урьдчилсан нөхцөл болдог. Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн нийт хүн амын гуравны хоёр нь амьдарч, сүүлийн жилүүдэд эдийн засаг нь үсрэнгүй хөгжсөн боловч тус бүс нутгийн олон улс оронд улс төр дэх жендэрийн тэгш байдал хангагдаагүй хэвээр байна.
Хуралдаанд оролцсон олон орны эмэгтэй парламентчид хууль тогтоомжид квот тусгах болон намууд өөрсдөө сайн дурын квот ашигласан явдал нь улс орнуудын парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо өсөх томоохон тулгуур болсныг дурьдаж байлаа.
2012 онд сонгуулийн квотыг 22 оронд ашигласан байна. Хууль тогтоомждоо квотыг зааснаар 24%-ийн суудал авсан бол сайн дурын квот хэрэглэж 22%-ийн суудал авчээ. Квотгүй улс орнуудад эмэгтэйчүүд ердөө 12%-ийн суудал авсан юм.
2012 оны байдлаар хууль тогтоох байгууллагад сонгогдсон эмэгтэй гишүүдийн хувь хэмжээ дэлхийн дунджаар 1 хувиар нэмэгдэж 20.3% болсон нь 10 жилийн өмнөхөөс 5.3%-аар өссөн тоо юм. Шийдвэр гаргах түвшинд нөлөөлөхөд эмэгтэй парламентчдын байх шаардлагатай гэж үздэг 30%-ийн босгыг 2012 оны сүүлээр парламентын 33 доод танхим болон 17 дээд танхим давсан. Энэ нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт юм. Зарим орнуудад 30%-ын босгыг шинээр давсан амжилт гарсан. Жишээлбэл, Алжир 31.6%, Мексикийн доод танхим 36.8%, дээд танхим 32.8%, Синигал 42.7%, Серби 32.4%, Тимор-Лестэ 38.5% болжээ.
Мөн эмэгтэй парламентчдын эзлэх хувь хэмжээ 10 хувьд ч хүрээгүй 40 доод танхим байгаа боловч 10 жилийн өмнө 69, 2011 онд 46 танхим байсныг бодоход нааштай мэдээ юм. 2012 оны сүүлээр нэг ч эмэгтэй парламентгүй 6 доод танхим, 1 дээд танхим байгаа нь ихэвчлэн Гайти, Микронезиа, Наури, Палау, Катар, Саудын Араб, Ванауту зэрэг улсуудыг хамардаг Арабын болон Номхон далайн орнуудын парламент байна.
Өнгөрөгч оны байдлаар 48 орны 57 танхимд сонгогдсон болон томилогдсон эмэгтэй гишүүд 18.7% буюу 1711 байна.
Улс орнуудын 2012 онд шинээр байгуулагдсан парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг өмнөх парламенттай нь харьцуулахад 1-р байранд Синигал улс 24.7%-иар өссөн амжилттай байхад манай улс 9.6-иар өсөж 5-р байранд жагссан байна. Мөн эмэгтэй парламентчдын эзлэх хувиараа 40 орноос 23 дугаар байрт жагсчээ.
2012 оны сонгуулиудаар парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээнд дэлхийн хэмжээнд мэдэгдэхүйц ахиц дэвшлүүд гарсан боловч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны одоо байгаа байдлыг дахин дахин нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байгааг цохон тэмдэглэлээ. Үүний зэрэгцээ парламентад орох, улс төрийн карьераа ахиулахад улс төрийн намуудын жендэрийн мэдрэмжгүй байдал, парламент дахь хүйсээр ялгаварлан гадуурхалт болон дарамтууд эмэгтэйчүүдэд томоохон саад болдог тухай ярилцаж цаашид олон улс оронд улс төр дэх жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө эмэгтэйчүүд хамтран ажиллахаар боллоо.
Л.Жаргалмаа