logo
Бразил эмч эмнэлгийн орыг суллахын тулд 300 хүний аминд хүрчээ

Бразил эмч эмнэлгийн орыг суллахын тулд 300 хүний аминд хүрчээ

2013/03/29
Эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ор суллахын тулд долоон өвчтөнг алсан хэмээн буруутгагдсан Бразил эмч дахин 300 гаруй хүний үхэлд сэжиглэгдэж байгааг тус улсын Эрүүл Мэндийн Яамны мөрдөгч мэдээллээ. Прокурорын мэдээлж байгаагаар Виржиниа Соареш Де Соуза эмч болон түүний багийнхан Бразилын хойд хэсэгт орших Куритиба хотын Протестант шашинтнуудын эмнэлгийн өвчтөнүүдэд  булчин суллах тариа тарьж байжээ. Уг тариа нь хүчил төрөгчийн хангамжийг багасгаж улмаар амьсгал боогдуулж үхэлд хүргэдэг. Өдгөө 56 настай бэлэвсэн Де Соуза эмч өнгөрсөн сард баривчлагдсан бөгөөд долоо хүний үхэлд буруутгагдаж байсан анхны хэрэг нь улам хүндэрч байна. Учир нь Де Соуза эмчийн удирдлаган доор ажиллаж байсан гурван эмч, гурван сувилагч болон нэг физик эмчилгээний эмч нар хүн амины хэрэгт буруутгагдаад байгаа юм. Түүний энэхүү үйлдэл нь бусад өвчтөнүүдэд ор суллаж гаргаж өгөх гэсэн сэдэлтэй холбоотой болохыг Де Соузагийн утасны ярианаас илрүүлжээ."Би эрчимт эмчилгээний тасгийг цэвэрлэхийг хүсч байна” гэсэн утга агуулгатай үгс түүний утасны ярианд бичигдэн үлдсэн байна. “Харамсалтай нь бидний үүрэг даалгавар бол дараагийн амьдрал руу нь явах үсрэх тавцан руу нь илгээх явдал” хэмээн Де Соуза хэвлэл мэдээллээр өөрийгөө өмгөөлсөн байна. Харин Де Соузагийн өмгөөлөгч Элиас Маттар Ассад “Эрчимт эмчилгээний тасгийн ажил яаж явагддагийг мөрдөгчид буруу ойлгосон. Тэр өөрийнхөө гэм буруугүйг баталсан” гэж хэлж байлаа. Де Соуза эрчимт эмчилгээний тасгийг удирдаж байсан сүүлийн долоон жилийн хугацаанд уг эмнэлэгт 1700 хүн амиа алдсан гэх эмнэлэгийн баримт бичиг байдаг байна. Мөрдөн шалгах явцад энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна. “Бид одоогийн байдлаар хүний аминд хүрсэн 20-оос илүү тохиолдлыг илрүүлээд байна. Мөн 300 гаруй тохиолдлыг шалгаж байна” хэмээн Бразилын Эрүүл Мэндийн Яамны ахлах мөрдөгч “Globo” ТВ-д өгсөн ярилцлагадаа хэлж байлаа. Хэрэв Де Соуза 300 өвчтөнг алсан нь тогтоогдвол тэрээр 215 өвчтөнг алсан Английн зартай эмч Харолд Ширмэнийг давж цуврал аллагаараа дэлхийд тэргүүлэх ажээ. Прокурорын мэдээлж байгаагаар “Эмнэлэгт амиа алдсан хүмүүс бүгд нэг ижил үхлээр үхцгээсэн.Тэд Панкурониум болон үүнтэй төстэй булчин суллах тариагаар тариулж, хүчилтөрөгчийн дутагдалд орж амиа алдсан. Өвчтөнүүдийн зарим нь үхэхийнхээ өмнө энэ үйлдлийг ойлгож байсан” хэмээн мөрдөгч ярьж байлаа. Мөн тэрээр цааш хэлэхдээ “Эрчимт эмчилгээний тасагт аллага үйлдэгдэхэд Де Соуза өөрийн эрх мэдлээ мэдэрдэг. Тэрээр хохирогчдод үхэхийг тушаах эрх мэдэлтэй байсан” гэжээ. Баримтаас үзэхэд Де Соуза хүн үхэх тэр мөчид заримдаа эмнэлэг дээр байдаггүй байсан байна. Учир нь тэрээр утсаар өөрийн хамтрагч нартаа зааварчилгаа өгдөг байжээ.Өнгөрсөн долоо хоногт Куритиба хотын шүүгчид Де Соуза болон түүний багийхны энэхүү хэргийг илчилсэн бөгөөд даваа гаригт Де Соуза болон түүний нөхдийг баривчилжээ. Парана мужийн прокурор энэ хэрэг явдал гарсантай холбоотойгоор тус улсын бусад эмнэлгийн байгууллага болон ажилчдыг шалгахыг цагдаагийн байгууллагаас хүсчээ. 
Д.Амар
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш