logo
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Чимидийг сүүлчийн замд нь үдэв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Чимидийг сүүлчийн замд нь үдэв

2013/03/30
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийн эх баригч, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч талийгаач Бяраагийн Чимидийг өнөөдөр /2013.03.29/ сүүлчийн замд нь үдлээ.

   Талийгаачтай салах ёс гүйцэтгэх ажиллагаа Соёлын төв өргөөнд монгол ёс заншил, уламжлал, төрийн хүндэтгэлийн ёс жаягийн дагуу болов. Өглөөний 6 цагт Соёлын төв өргөөний их танхимын тайзан дээр тусгайлан зассан тавцанд талийгаачийн шарилыг хүндэтгэлтэйгээр байрлуулан дэргэд нь Төрийн далбааг бөхийлгөн залж, хөгжимд гашуудлын аялгуу эгшиглэж байлаа. Шарилын дэргэд хүндэт харуул зогсож, 108 зул бадамлуулан лам хуврагууд буяны ном айлдлаа.
   Ийнхүү Оршуулах ажлыг зохион байгуулах комиссын гишүүд талийгаачийн шарилд эхэлж хүндэтгэл үзүүлснээр салах ёс гүйцэтгэх ажиллагаа эхэлж, шинэ Үндсэн хуулийг хамт батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүд, Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд, хамт ажиллаж байсан ахмадууд, төр, засгийн байгууллагуудын ажиллагсад, шавь нарын нь төлөөлөл, ахан дүүс, төрөл төрөгсөд нь талийгаачийн шарилын өмнө мэхийн ёсолж хүндэтгэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар салах ёс гүйцэтгэх ажиллагаанд оролцож талийгаачийн шарилд хүндэтгэл үзүүлээд гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийллээ.

   Талийгаачийн шарилыг сүүлчийн замд нь үдэх хүндэтгэлийн цуваа өглөөний найман цагийн үед Соёлын төв өргөөнөөс хөдөлж, талийгаачийг Алтан-Өлгийд нутаглуулав. Оршуулах ёслолд талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, журмын нөхөд болон Оршуулах ажлыг зохион байгуулах комиссын гишүүд, албаны хүмүүс байлцав.

  

    Оршуулах ажлыг зохион байгуулах комиссын дарга, УИХ-ын дэд дарга Л.Цог энд хэлсэн үгэндээ, талийгаач Б.Чимид нь Монгол Улсын орчин үеийн хууль, эрх зүйн салбарыг дэлхий нийтийн жишигт нийцүүлэн шинэчлэн хөгжүүлэхэд болон шинэ үеийн хуульчдыг бэлтгэх, өсч дэвжихэд онцгой хувь нэмэр оруулсан монгол төрийн тулхтай, нэр хүндтэй түшээ байсныг онцлов. Тэрбээр төр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх, эрх чөлөөний эрх зүйн дээд баталгаа болсон Үндсэн хуулийн эх бичвэрийг дэлхий нийтийн өдгөө цагийн түгээмэл жишиг-Эрх зүйт төр, Үндсэн хуульт ёсонд нийцүүлэн шинэчилж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулснаар Монгол Улс дэлхий нийттэй мөр зэрэгцэн хөгжих шинэ хуудсыг нээсэн билээ.

   Б.Чимид нь Улсын Бага Хурлын нарийн бичгийн даргын хувьд Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн дагуу байгуулагдсан байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурлыг бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд төлөвшүүлэх, улмаар Монгол Улсад парламентын дэглэмийг төлөвшүүлэхэд тэргүүлэн оролцсон гавьяатан мөн. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж, төслийг боловсруулах, Улсын Бага Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх, төслийн талаар олон нийтийн санал авах ажлыг зохион байгуулж, улмаар Ардын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах үйл явц хэдийгээр ээдрээ төвөгтэй байсан ч уг хуулийг баталсаны дараагаар депутатуудын гаргасан саналын дагуу түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат хуульч цолоор шагнасан явдал бол түүний гавьяа зүтгэлийг Монголын ард түмний төлөөлөл болсон депутатууд, Монгол Улсын төр зүй ёсоор үнэлсэн хэрэг байв хэмээн тэмдэглэлээ.

    Мөн талийгаачийн хүү Ч.Батцогт гэр бүл, ах дүүс, төрөл төрөгсдөө төлөөлөн үг хэлж, аавынхаа хөдөлмөрч, эгэл даруу, нийтэч, чин шударга зан чанарыг нэхэн дурсаад үг сургаалийг санаж, үйл хэргийг нь үргэлжлүүлж явахаа алтан шарилын нь өмнө тангараглав.

    Талийгаач Б.Чимид нь төр, нийгмийн том зүтгэлтэн төдийгүй хууль зүйн ухааны доктор, МУИС, Удирдлагын академийн профессор цолтой нэрт эрдэмтэн, онолч, асар туршлагатай судлаач, багш сурган хүмүүжүүлэгч байв. Тэрбээр хуульч боловсон хүчнийг бэлтгэхэд ажил, амьдралынхаа 40 гаруй жилийг зориулж, олон зуун шавь төрүүлсний дотор гавьяат хуульч 11, академич 2, хууль зүйн ухааны доктор, магистр 200 гаруй байна. Мөн тэрбээр нийт 200 шахам сургалт, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж хууль зүйн боловсрол, шинжлэх ухаанд жинтэй хувь нэмэр оруулсан юм.

   Монгол оронд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулах, түүний цоо шинэ харилцааг зохицуулах эрх зүйн шинэтгэлийг хийхэд шинэ Үндсэн хуулиас эхлүүлэн олон зуун хуулийг боловсруулан хэлэлцэж, зөвлөж явсан гарамгай хуульч, хууль зүйн салбарын ноён нуруу хэмээн түүнийг нийт монголчууд, ялангуяа түүнтэй хамтран ажиллаж байсан хүн бүхэн үнэлж, бахархан дурсаж байдаг билээ

                                        Оршуулах ажлыг зохион байгуулах комисс

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш