logo
Япон улс Монголтой стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв

Япон улс Монголтой стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв

2013/04/01

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд /2013.03.30/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Уулзалтын эхэнд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ тус улс Монгол Улстай стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрхэмсэг ноён Ерөнхий сайд манай оронд цаг зав гарган хүрэлцэж ирсэнд туйлын их баяртай байна. Таны энэ айлчлал Японы ард түмэн, Японы Засгийн газрын зүгээс манай хоёр орны харилцаанд ямар их ач холбогдол өгч байгааг харуулсан айлчлал юм гэж бид үзэж байна. Таны ноён Шиозакигаар явуулсан маш элэгсэг үгтэй илгээлтийг би хүлээж авсан. Таны айлчлалынхаа өмнө Монголын ард түмэнд ирүүлсэн сайхан мэндчилгээг Монголын олон сонинд нийтэлж, манай ард түмэн сэтгэл дотно хүлээж авсан.
 
Би 2010 онд Японд төрийн айлчлал хийж Цог жавхлант эзэн хаан болон Япон улсын төр, засгийн удирдлагуудтай уулзах сайхан боломж гарч байсан. Бид хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэхээр тэр үед тохирсон. Та сая Монголын ард түмэнд ирүүлсэн мэндчилгээндээ хоёр ард түмний харилцаа юун дээр суурилах ёстой вэ. Ямар чиглэлд явах ёстой вэ гэдгийг тодорхой хэлсэн нь маш их ач холбогдолтой боллоо.
 
Ерөнхий сайд та стратегийн түншлэлийг эрх чөлөө, ардчилал, харилцан туслалцах гэдэг үндсэн дээр хөгжүүлье. Цаашид улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүний болон соёлын харилцаа гэсэн чиглэлээр улам идэвхжүүлье гэсэн сайхан ойлгомжтой газрын зураг гаргалаа. Таны дэвшүүлсэн саналтай бид бүгдээрээ санал нэг байна. Бидэнд бие биеэ нөхөн ажиллах сайхан боломж бий. Монгол орны баялаг, нөгөө талаас Японы технологи байгааг бид олон удаа ярьсан.  Үүнийг одоо ажил хэрэг болгох ёстой” гэлээ.
 
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ “Таны хэлсэнчлэн би ч гэсэн Япон, Монголын улс төр, аюулгүй байдлын салбараар стратегийн хэлэлцээр хэрэгтэй гэж үзэж байна. Манай хоёр орон бүс нутаг, олон улсын тавцан дээр энх тайван, тогтвортой байдал бий болгоход хувь нэмрээ оруулж байна. Монгол Улс ардчиллыг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж байгаа орон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Япон улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улаанбаатарт зохион байгуулахад Монгол Улс дэмжлэг үзүүлсэнд талархаж байна.
 
Хоёр орны эдийн засгийн харилцааг цаашид улам бэхжүүлэх хэрэгтэй. Уул уурхай, бусад салбарт харилцааг хөгжүүлэх саналтай байна. Бид сая Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Эрч” гэсэн санаачлагыг санал болголоо. Үүнд хөрөнгө оруулалтын орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын төлөө хамтран ажиллах гэсэн хоёр үндсэн чиглэл дээр бодитой хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг тусгалаа” гэлээ. Мөн бизнесийн харилцааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаа, Японы компаниуд Монголд хөрөнгө оруулах хууль, эрх зүйн тогтвортой орчин чухал гэдгийг онцлон хэлэв.
 
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсын тусламжаар Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудыг өргөтгөж, ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт хийсэнд манай ард түмэн цаг ямагт талархаж байдгийг Ерөнхий сайд Шинзо Абэд дамжууллаа. 

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш