logo
Парламентын тэргүүн Японы Ерөнхий сайдыг хүлээн авч уулзлаа

Парламентын тэргүүн Японы Ерөнхий сайдыг хүлээн авч уулзлаа

2013/04/01
УИХ-ын дарга З.Энхболд манай улсад албаны ёсны айлчлал хийж буй Японы Ерөнхий сайд Шинзо Абэг өнөөдөр өглөө /2013.03.31/ хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын эхэнд УИХ-ын дарга хоёр улсын харилцан ойлголцол, итгэлцэл улам гүнзгийрч, харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн  зарчмаар идэвхитэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Японы Ерөнхий сайд энэхүү айлчлалынхаа үеэр Стратегийн түншлэлийг эрх чөлөө, ардчилал, энх тайван, бие биедээ харилцан туслах гэсэн үзэл санаагаар эрчимжүүлэн хөгжүүлэх санаачилга дэвшүүлж байгаад нь талархаж байна гэдгээ хэлэв.

   Ноён Шинзо Абэ Монгол  Улс ардчиллыг бэхжүүлж байгаад бахархаж байна гэдгээ онцоллоо.  Тэрбээр “Аливаа хөрөнгө оруулалт харилцан ашигтай байх ёстой. Япончууд Монголын эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулах сонирхолтой байна. Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Японы парламент дахь найрамдлын бүлгүүд онцгой үүрэг гүйцэтгэж, дэмжлэг үзүүлж ирсэн” гэлээ.

   Японы Ерөнхий сайд манай улсад 7 жилийн дараа айлчилж байгаа юм байна. Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанаас илүүтэй хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сайн хөгжиж ирснийг онцоллоо. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийн шинэ төслийг өргөн мэдүүлээд байгаа талаар ноён Шинзо Абэд ярьсан юм. Хуулиар хөрөнгө оруулагчдад 100 тэрбум төгрөгийн босго тавьж байсныг өөрчлөх, хөрөнгө оруулалт 49 хувиас дээш давсан нөхцөлд зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид  уг хууль үйлчлэх өөрчлөлт хийхээр хуулийн төсөл боловсруулагдсан гэж парламентын тэргүүн хэллээ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлээр цаашид идэвхитэй ажиллаж, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана гэсэн байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш