Арай гэж оруулж ирсэн ам.доллараа Монголбанк зарж байна
-Тантай эдийн засгийн талаар ярилцах гэсэн юм болох уу. Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та харж л байгаа байх.
-Мэдээж бололгүй яахав. Эдийн засгийн нөхцөл байдлыг ч харж л сууна.
-Банкууд зээлээ хумьж, гадаадын хөрөнгө оруулалт зогссон тухай мэдээлэл хэвлэлүүдээр хөвөрч байна. Энэ бүхэн юуг илэрхийлж байна вэ?
-Яг одоо Монголын эдийн засагт тодорхой бус байдал л давамгайлж байна даа. Хөрөнгө оруулалтын орчин нь тодорхойгүй, даяарчлагдаж байгаа энэ нийгэмд гадаадын хөрөнгө оруулалтад Монголын төр ямар бодлого барих нь ч тодорхой бус байна. Сая чиний хэлдэг гадаадын хөрөнгө оруулалт зогссон гэдэг ерөөсөө хөрөнгө оруулалтын орчин муудсантай холбоотой. Үүнийг хөрөнгө оруулагчид л хамгийн сайн мэдэрч байгаа. Тэд эхлээд хэлнэ. Болохгүй бол хөрөнгө оруулалтаа багасгана, эсвэл огт хийхээ болино. Бүр хийчихсэн байгаа хөрөнгөө яаж буцааж гаргах вэ гээд арга зам бодож эхэлдэг. Одоо Монгол яг ийм байдал руу орж эхэлж байна. Би хувьдаа ингэж л харж сууна. Дээр нь төсвийн болон гадаад худалдааны алдагдал их болж байна. Дээрх бүх хүчин зүйлс нийлснээрээ эдийн засгийн өсөлтийг бууруулах, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханш тогтворгүй болоход нөлөөлнө.
-Энэ нь тэгээд юутай холбоотой вэ?
-Манай хууль, эрх зүйн орчин тогтвортой биш байгаатай холбоотой. Эрх зүйн орчин нь тодорхой бус, бодлого нь ойлгомжгүй болохоор хөрөнгө оруулагч зайлсхийх нь гарцаагүй юм. Тэд зугатаана. Үүнтэй хэн нэгэн маргахгүй байх аа. Бүх юм нүдэн дээр ил болж буй учраас юу ч хэлэхгүй биз. Би жишээ татъя л даа. Төмөр замын бодлогыг л аваад үз. Миний мэдэхээр сүүлийн гурван жил энэ тухай ярилаа. Ярихаас өөрөөр бол юу ч хийсэнгүй. Одоо бүр засагт байгаа хүмүүс нь зайлсхийдэг, зугатаадаг болсон юм шиг байна лээ. Тэгээд ч зогсохгүй бодит үнэнийг хэлсэн хүнээ шахаад гаргачихаж байгаа юм. Хүмүүс харсан байх. Төрийн бодлогын залгамж чанар нэг иймэрхүү байхаар хөрөнгө оруу¬лагч яах вэ. Төр нь залгамж чанаргүй, тэр нь алдагдаад эхлэхээр хөрөнгө оруулагчид зүгээр хараад суух уу. Үгүй шүү дээ, тэд болгоомжлохгүй өөр яах юм.
-Хөрөнгө оруулагчид гараад явчихсны сөрөг үр дагавар юугаар илрэх бол оо?
-Бодит эдийн засгийн үзүүлэлтүүд муудаж эхэллээ. Миний төсөөлж байгаагаар төсвийн алдагдал ДНБ-ий 10 хувь руу дөхөж гарах байх шүү. Гадаад худалдааны алдагдал өсч байна. Төсөв нь, бас гадаад худалдаа нь алдагдалтай байхыг эдийн засгийн онолоор бол ихэр алдагдал гэдэг. Ихэр алдагдлыг засах эдийн засгийн болон улс төрийн бодлого бий л дээ. Үүнд одоогийн Засгийн газар бага ач холбогдол өгч байна. Хэтдээ аюултай.
-Одоо заавал гадаадаас гуйх хэрэг байна уу. Монголчууд өөрсдөө л хөрөнгө оруулалтаа хийгээд явж болдоггүй юм уу?
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байдаг. Ингэж л тэд дэлхийн бусад оронд байгаа өндөр технологи, менежментийн ур чадвар, хөрөнгийн хуримтлалыг эх орондоо оруулж ирдэг. Үүний төлөө алалцаж байдаг. Монгол энэ жишгээс өөр замаар явбал эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах бодлогоо хэрэгжүүлэхэд их л хугацаа зарцуулна даа. Түүнээс биш Хойд Солонгос, Куба шиг явж бололгүй яахав.
Одоо гол анхаарал татаж байгаа нэг зүйлийг яримаар байна. Энэ бол Монголд орж ирж байгаа гадаад валютын урсгал. Үүний ихэнхийг гадаадын хөрөнгө оруулагчид оруулж ирдэг байсан. Өөрөөр хэлбэл, өөр улсад бий болсон хуримтлал, олсон мөнгөө Монголд авчирч хөрөнгө оруулалт хийдэг. Одоо энэ урсгал буурч байна. Ингэснээрээ төгрөгийн ханшийг эрсдэлд оруулж эхэлж байна. Арай гэж оруулж ирсэн ам.доллараа Монголбанк зарж байгаа мэдээ хэвлэлээр их гарах болжээ.
- Бүр энгийнээр тайлбарлаж болох уу?
-Гадаадын хөрөнгө оруулагч гэхээр хүмүүс солонгос эзэнтэй гуанз, эсвэл хятад, америк, канад хүмүүсийн уул уурхайн төсөл гэж хараад байдаг юм. Гэтэл тэр хүмүүсийн оруулж ирсэн доллар эдийн засгийг тэтгэж байдаг. Зөвхөн дотооддоо бий болсон хөрөнгөөр баяжаад, өсч дэвжээд явна гэвэл Монгол Улсад зөндөө олон жил шаардлагатай болно. Тэгэхээр гадна талд бий болчихсон, бусдын бий болгосон мөнгийг ашиглаж хөгжих хэрэгтэй юм. Дэлхий даяар хөгжлөө хурдасгах гэж гадаадын хөрөнгө оруулалтыг л урьдаг, татдаг. Хүн биш, хөрөнгийг нь хардаг байхгүй юу. Бид болохоор гадаад эзнийг л хайгаад байдаг.
- Хөрөнгө оруулалтыг яаж буцааж татах вэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг стратегийн ач холбогдол бүхий салбарт зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газар санаачилсан байна лээ. Ингэвэл нөхцөл байдал дээрдэх үү?
-Дэлхийн бусад орны жишээг татъя. Венесуэл анх газрын тосыг ард түмэндээ гэсэн уриа дэвшүүлсэн. Тэгээд төр нь авсан. Удалгүй бусад салбар руугаа орж олон салбараа улс нь авсан. Тэгж л тэнд өөр тогтолцоо бий болсон. Хувийн санаачилга гэдэг юмыг үгүй болгож, хувийн хөрөнгө оруулалтыг улсынх болгочихсон юм. Манайх яг үүн шиг ашигт малтмалын салбараасаа эхлээд улсынх болгож байна. Ингэж явсаар л өнөөгийн нөхцөл байдал руу орчихлоо доо. Уг нь бид хөрөнгө оруулалтыг татах гэж багагүй хичээсэн юм шүү дээ. Монгол Улс хуучин социалист систем задарсны дараа яг хөрсөн дээрээ буусан. Өмнөх харилцаа алга болчихож байгаа үе. Тэгээд эдийн засгийн шинэ харилцаанд орж ирсэн. Яг энэ зурвас хугацаанд хямрал болсон. Тиймээс тухайн үеийн улстөрчид, төрийн бодлого боловсруулагчид дэлхийн бусад оронтой харилцах ёстой юм байна. Хөрөнгө оруулалтыг нь татах ёстой юм байна гэсэн бодлогыг гарган тавьж, олон жил тууштай явуулж ирсэн. Үүний үр дүнд “Монголд хөрөнгө оруулж болох юм байна” гэсэн итгэлийг бий болгож чадсан. Харамсалтай нь тэр хүмүүсийн бий болго¬сон бусдад төрүүлсэн итгэлийг, тэр төрийн бодлогыг нь арчиж байна даа.
-Эхнээсээ хөрөнгө оруулагчид гараад явчихлаа. Тэдний итгэ¬лийг буцааж сэргээх боломж байна уу?
-Яг өнөөдрийн улс төрийн нөхцөлд бол боломжгүй. Би хувьдаа тийм боломж харахгүй байна. Улс төрийн хүчнүүд нь бие бие рүүгээ муухай харчихсан байдалтай ийм улсад итгэх үү. Эрх баригчдынх нь зөв, бусдынх буруу гэдэг байдлаар явбал Мон¬голд хөрөнгө оруулагч орж ирэхгүй.
Одоогийн улс төрийн нөхцөл байдлыг авч үзье л дээ. Арай олон суудал авсан юм аа даа, энэ АН. Энэ намын гаргаж байгаа зан авир эдийн засагт итгэл бий болгож, хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэгт би лав итгэхгүй л байна.
-Та зөвхөн улс төрийн өнцгөөс дүгнээд байгаа юм биш үү?
-Бодит үнэн нь тэр шүү дээ. Улс төрийн орчин нь таатай байвал тухайн улсад хөрөнгө оруулалт хийдэг. Бас тэр улсад нь итгэлцэл, зөвшилцөл байвал хөрөнгө оруулалт хийдэг болохоос цөөхөн хүний дуу хоолойгоор бүх юм нь явдаг, дарангуйлал тогтчихсон байвал хэн итгэж мөнгөө хийх юм. Хэн ч хийхгүй.
2004 оноос хойш улс төрийн хоёр том хүчин хоёр ч удаа хамтарч засаг барьсан. Энэ үед их итгэлцлийг бий болгож, гадаадын хөрөнгө оруулагчид мөнгөө оруулж ирсэн гэдэгт би хувь¬даа эргэлздэггүй юм.
-Гэхдээ л Засгийн газар гадаад зах зээл дээрээс “Чингис” бонд арилжиж 1.5 тэрбум ам.доллар босголоо шүү дээ. Энэ нь бас ч гэж бүгд нүүр буруулчихсан гэсэн үг биш юм биш үү?
-Энэ чинь өр шүү дээ. Монгол Улсынхаа нэрийг зарж олж ирж байгаа өрийн бичиг. Уг нь хөрөнгө оруулалт байсан бол дээр л дээ. Гэтэл энэ мөнгө Монгол Улсыг өрөнд оруулж байгаа. Хоногт л 270 сая, дөрвөн өдөрт л тэрбум гаруй төгрөг хүүнд төлж байгааг хөрөнгө оруулалттай зүйрлэж болохгүй. Үгүй ядахдаа энэ өрийн бичгийнхээ нэрийг өөрөөр өгчихгүй дээ. Монгол Улсад аугаа түүх, соёл, өв уламжлалыг нь энэ их баялагтай нь хамт үлдээсэн их хүнийхээ нэрээр өрийн бичгээ нэрлээд байхдаа яахав дээ. Үгүй ядахдаа Хубилай гээд нэр өгчихгүй.
-УИХ-ын нэг л чуулганы хугацаанд хөрөнгө оруулагчдын итгэлийг алдчихлаа. Засахад ч түвэгтэй бололтой.
-Харин тэглээ. Гэхдээ улс төрийн намууд ойлголцол бий болгож ажил¬лаж чадвал болохгүй юм гэж үгүй байлгүй дээ.
-Чуулган гэснээс удахгүй хаврын чуулган нээлтээ хийх гэж байна. Та завсарлагааны хуга¬цаагаар юу амжуулав. Тойрогтоо очиж амжив уу?
-Би гэдэг хүн чинь нэг асуудалтай байгаа шүү дээ. Тэр нь юу гэхээр шүүх. Уг нь ард түмэн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн бид хоёрт саналаа өгөөд сонгосон байдаг. Бид ч УИХ-ын гишүүнийхээ тангаргийг өргөчихсөн. Гэтэл одоо гурав дахь шатны шүүхээр орох гээд явж байна. Сүүлийн үеийн мэдээлэл өгөхөд шүүх хурлын тов зарлагдсан, хойшлогдсон. Ийм л байдалтай байна. Одоо удахгүй болох байх аа.
-Уг нь танаас сонгуулийн тогтолцоотой холбоотой зүйл асуух гэж тойргийн талаар хөндсөн юм. Тойроггүй буюу намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүд чуулганы завсарлагаанаар үнэндээ гадаадад л өнжих шиг боллоо?
-Тэгсэн байхыг үгүйсгэхгүй. Угаасаа хууль нь өөрөө тийм юм руу түлхчихэж байгаа юм. Би 2012 оны УИХ-ын сонгууль явуулсан сонгуулийн тэр хуулийг их эсэргүүцсэн дээ. Хэвлэлийнхэн ч мэдэж байгаа байх. Зад шүүмжилж байсан хүн нь би. Яагаад тэгтлээ эсэргүүцээд байсан юм гэхээр УИХ-ын гишүүн хүн ард түмнээс л сонгогдох ёстой. Би ийм итгэл үнэмшил, зарчим баримталдаг хүн. Үндсэн хуулийн агуулга ч тийм шүү дээ. Гэтэл одоо яаж байна. Ард түмнээс ганц ч санал аваагүй хүн УИХ-д ороод ирлээ. Ийм байж таарах уу.
Ороод ирчихээд бас би ард түмнээс сонгогдоогүй, намын жагсаалтаар орж ирсэн гэдэг байдлаар асуудалд хандаад байгаа юм. Шулуухан тэгж намынхаа эрх ашгийн төлөө явна гэж болохгүй биз. Харамсалтай нь бодит байдал тэгж л байна. Ийм л хүмүүс ард түмэнд хатуу хандаж, ард түмний сонголтыг үл тоож байна. Уг нь ард түмний босго өндөр шүү дээ.
-Харин ч намхан юм биш үү. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн та хоёрыг бол их л амархан санал авсан, УИХ-д ороод ирсэн гэж яриад, бичээд байгаа шүү дээ?
-Тэгдэг юм. Хэвлэлээр захиалгатай албаар тэгж бичүүлдэг юм. Угаа¬саа намайг гүтгэж байгаа мэдээ, мэдээлэл тоогоо алдсан даа. Гэхдээ бодит байдал бол өөр шүү дээ. Хүмүүс ялгаж, салгаад ойлгож байгаа гэдэгт би 100 хувь итгэдэг. Жишээ нь, тойрогт өрсөлдөөд УИХ-д сонгогдсон гишүүд бол бидний зовлонг ойлгоно. Ард түмнийхээ саналыг авах ямар хэцүү байдгийг тэд мэднэ.
Бид хоёрын тухайд гэвэл сонгогчид маань мэдэж байгаа. Би өнгөрсөн дөрвөн жил сонгогдсон тойрог, сонгосон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилласан. Төрийн хариуцаж байсан ажлаа ч чин сэтгэлээрээ хийж явсан. Үүнийг манай Увсын ард түмэн мэднэ. Увс нутаг маань урд байгаагүйгээрээ өөрчлөгдөж, шинэчлэгдэж, увсчууд нутгаараа бахархдаг болсон. Иргэдийн банкин дахь хадгаламж дөрөв дахин нэмэгдсэн. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт ихэссэн. Тиймээс ч бид хоёрт итгэж дахин сонгосон. Сонгох сонгохдоо улсад хамгийн өндөр санал авсан зургаан гишүүний тоонд бид хоёр орж байгаа.
-Сонгуулийн тогтолцооноос гадна шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүнийг сонгодог болчихсон юм биш үү. Ард түмнээс сонгогдох шаардлага ер нь байна уу?
-Харин тийм. Уг нь 2008 онд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы танхимд “Ард түмний сонголт хамгийн эцсийнх байдаг” гэж хэлж л байсан. Одоо бол ард түмний сонголтын энэ нь сайн, тэр нь муу гэж шилж, сонгодог болж байгаа бололтой юм. Тэр нь ард түмний сайн сонголт, тэр нь болохгүй сонголт гээд л. Энэ бүхэн сонгуулийн системтэй мэдээж холбоотой. Ард түмнээсээ хэтэрхий хол, ард түмний эрх ашигт үйлчилдэггүй ийм л төрийг бий болгочихлоо шүү дээ.
-Шүүх УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авчихсан хүмүүсийн оронд өөр хүн тангараг өргүүлсэн тохиолдол гарлаа. Хэрэв шүүхээс УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн та хоёрын эсрэг шийдвэр гарвал хуулийн процесс яаж үргэлжлэх вэ. Та судалж үзэв үү?
-Арай ч ард түмний сонголтыг шүүхийн шийдвэрээр өөрчилдөг жишиг тогтоохгүй байлгүй дээ. Би тэгж л бодож сууна. 2008 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй холбоотой асуудал гарахад ард түмний санал эцсийнх, түүнийг хэн ч шүүх эрхгүй гээд л шийдэж байсан. Тиймээс ч би асуудал байхгүй гэж бодож байна. Ер нь ямар буруу юм хийчихсэн биш болгоомжлох зүйл үнэндээ алга. Өгөөд байгаа саналыг нь хүнд¬лэхгүй, үл тоож, өөрчлөх оролдлого хийвэл ард түмэн эрх баригчдад сонгуулиар хариуг нь чанга барьдаг. Үүнийг л тэд ойлгох хэрэгтэй дээ.