logo
Эрүүл мэнд, боловсролын салбарт иргэдийн гомдол тасрахгүй байна

Эрүүл мэнд, боловсролын салбарт иргэдийн гомдол тасрахгүй байна

2013/04/01
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11төв”-дөнгөрсөн долоо хоногт 1202 иргэн хандаж, харьяалах байгууллагуудаас 634 санал хүсэлтэд хариу өгчээ.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүд үйлчилгээндээ цахим карт нэвтрүүлсэн ч үүнд иргэд сэтгэл хангалуун биш байгаа аж. Заавал утсаар холбогдон дугаар авахыг шаарддаг атлаа дуудлагын утсан дээрээ ганц хүн ажиллуулдаг нь ихээхэн ачаалал үүсгэж байна гэж үйлчлүүлэгчид гомдолложээ. Мөн хувийн эмнэлгүүдийн үзлэгийн тариф, эмч нарын ажлын туршлагад анхаарал хандуулахыг Эрүүл мэндийн яаманд сануулж, үзлэгийн тарифт судалгаа явуулж эхэлснээ яамнаас хариу мэдээлсэн байна. Хотын яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгөхөд утсаар зөвлөгөө өгнө гээд тэр бүр ирэхгүй байна, улсаас машин нэмж өгсөөр байхад ингэж хайхрамжгүй хандах нь эмчийн ёс зүйг зөрчсөн явдал гэсэн гомдлын мөрөөр хариуцлагыг өндөржүүлэх шаардлага тавихаа салбар хариуцсан яамнаас мэдэгджээ.

Нэг сурагчид өгөх үдийн цайны зардлыг төрөөс 600 төгрөг болгож нэмсэн байтал зарим сургууль чанар муутай аяга аарц, тал жигнэмэг өгсөөр байгаа гэнэ. Энэ талаарх гомдлыг тухайн сургууль дээрх орон тооны бус хяналтын зөвлөлд хандан шийдвэрлүүлж болохыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвлөжээ. Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг 3 дугаар сарын 15-наас олгох ёстой ч зарим сургуулийнх шилжихгүй байна гэсэн гомдол “11 11 төв”-д ирсэн байна. Сургуулиуд оюутныхаа мэдээллийг бүрэн өгөөгүй, эсвэл ямар нэг зөрчилтэй тохиолдолд тэтгэлгийн мөнгө шилжихгүй. Иймээс сургуулийнхаа сургалтын албанд хандан зөрчлөө арилгуулах хэрэгтэйг Сургалтын төрийн сангаас оюутнуудад сануулсан байна.

Нэн ядуу иргэдэд олгодог хүнсний талон зохих хүмүүстээ хүрэхгүй, хүнсний талонд яаж хамрагдах талаар хорооны халамжийн ажилтан зөвлөмж өгч чадахгүй байгаа талаар иргэд “11 11 төв”-д хандсан ба нийгмийн халамжийн байгууллагаас энэ асуудлаар дахин судалгаа явуулж байгааг мэдээлжээ. Түүнчлэн, нийслэлд гудамжны нохойн устгал хийхгүй удсаныг гэр хороооллын оршин суугчид холбогдох албаныханд дуулгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш