Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Монгол-Түркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хороо /ЗГХХХ/-ны хуралдаанд оролцсоныхоо дараа 2013 оны 3 дугаар сарын 28-29-нд БНТУ-д ажлын айлчлал хийв.
Сайд Д.Бат-Эрдэнэ БНТУ-ыг үндэслэн байгуулагч, анхны ерөнхийлөгч Ататүркийн бунханд цэцэг тавьж, хүндэтгэл үзүүлэв.
Дараа нь сайд Д.Бат-Эрдэнэ тус улсын Үндэсний батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд Түркийн Үндэсний батлан хамгаалахын сайд Исмэт Ыйлмаз угтан авч, Түркийн цэргийн хүндэт харуул жагсан цэргийн ёсолгоо хийв.
Хоёр сайд Монгол, Түркийн харилцаа, түүний дотор батлан хамаалах салбарын хамтын ажиллагааны талаар тогтож ярилцав.
1999 онд байгуулсан хоёр улсын хооронд цэргийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд харилцаа тогтмолжиж, хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа сайд Д.Бат Эрдэнэ тэмдэглээд Монголын зэвсэгт хүчнийг шинэчлэхэд тусламж, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв.
Мөн цаашид цэргийн аж үйлдвэр, барилгын салбарт Түркийн дэвшилтэт техник, технологийг ашиглах, хамтарч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, ажлын хэсэг ажиллуулах, цэргийн албан хаагчдыг сургалтад хамруулах, хамтын ажиллагааны шинэ баримт бичиг байгуулах, хоёр талдаа цэргийн атташе харилцан суулгах зэрэг тодорхой санал тавив.
Сайд И.Ыйлмаз хэлэхдээ хоёр талын цэргийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөтгөх, цэргийн сургалтад оролцогчдын тоог нэмэгдүүлэх, цэргийн техник, технологи болон энхийг сахиулах үйл ажиллагааны туршлагаас солилцох, тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг онцлон тэмдэглэв.
БНТУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Исмэт Ыйлмаз Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг хүндэтгэн зоог барив.
Сайд Д.Бат-Эрдэнэ 3 дугаар сарын 29-нд Түркийн цэргийн аж үйлдвэрийн зарим газрын үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах, туршлага судлах талаар санал солилцов.
Хоёр улсын Батлан хамгаалахын сайдын уулзалт, яриа, бусад арга хэмжээнд Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Батхишиг, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн дарга Л.Ариунболд, БХЯ-ны газрын захирал, хурандаа Х.Батсайхан, Д.Ариунболд нар оролцов.
БНТУ-ын арми хуурай болон усан зам, агаарын хүчин, усан хилийн хамгаалалтын цэргээс бүрддэг бөгөөд 700 мянган бие бүрэлдэхүүнтэй. Энэ үзүүлэлтээрээ НАТО-д АНУ-ын дараа хоёрт ордог ажээ.