Афганистан улс дахь “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд оролцож буй монгол цэргийн наймдугаар ээлж, нисдэг тэргэний сургалт, засварын бүлгийн зургадугаар ээлжинд үүрэг гүйцэтгэх багийн нийт 130 хүнтэй бие бүрэлдхүүнийг үдэн гаргах ёслолын ажиллагаа боллоо. Цэргийн багийн бүрэлдхүүний 70 орчим хувь нь Ирак, Сьерра Леон, Чад, Афганистан, Косовод НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай аж. Энэ удаагийн ээлж Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа НАТО-н бие бүрэлдхүүний цэргийн баазуудын харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах болон нисдэг тэргэний засвар, техникийн үйлчилгээ хийх, онол- практикийн сургалтыг Афганистаны нисэх хүчнийхэнд заах юм. Монгол цэрэг баазыг хамгаалж байгаа үед тайван амарч чаддаг хэмээн НАТО-н албан хаагчид манайхныг үнэлдэг билээ. Бүх цэргийн Их хар сүлдэндээ Афганистан руу мордох дайчид хүндэтгэл үзүүлэх ёслолд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар оролцлоо.