logo
Ерөнхийлөгчийн Цаатан иргэдийн талаар гаргасан зарлигийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад гардуулав

Ерөнхийлөгчийн Цаатан иргэдийн талаар гаргасан зарлигийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад гардуулав

2013/04/02

Монгол Улсын Ерөнхийлөгч гуравдугаар сарын 29-нд Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан юм. Уг зарлигаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин сууж цаа буга маллан тайгад амьдарч буй уйгар угсааны тува /цаатан/ иргэдийн амьдралын төвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилгоор батлагдсан “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын төвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоод байна.

Уг зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд гардуулж өглөө.
 
Зарлигийг гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны арванхоёрдугаар сарын 22-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд оршин сууж цаа буга маллаж байгаа цаатан иргэдийн амьдрал ахуйтай газар дээр нь очиж танилцсан. Тэр үеэр цаатан иргэдийн сурч боловсрох эрх, эх хэлээрээ мэдээлэл олж авах эрх, эрүүл мэнд, нийгмийн асуудал, эрх хамгаалахтай холбоотой маш олон тулгамдсан асуудал хөндөгдсөн. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааралдаа авч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргалаа. Олуулаа хөгжихдөө бид цөөнхөө мартаж болохгүй.
 
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам бол иргэдийн эрх, нийгмийн хамгаалал, ахуй амьдрал, эрүүл мэндтэй холбоотой олон асуудалд голлох үүрэгтэй оролцдог тул зарлигийг сайд С.Эрдэнэд гардуулан өгч байна” гэлээ.
 
Өмнөх Засгийн газруудын үед цаатнуудын талаар төр, засгаас шийдвэр гаргаж байсан ч иргэдийн эрх, нийгмийн хамгааллын чиглэлээр бус аж ахуйн чиглэлтэй шийдвэрүүд гарч байжээ.
 
Зарлигийг гардаж аваад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг гаргаж газар дээр нь нарийвчилсан судалгаа хийж хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж ажиллана гэдгээ илэрхийллээ. 
 
Тэрээр “Эдийн засгийн өсөлтийн тодорхой хувийг иргэддээ зарцуулдаг, бүтээн байгуулалтын тодорхой хэсгийг хүн амын хөгжилд чиглүүлдэг тогтолцоог бий болгохын тулд бид өнөөдөр зорьж ажиллаж байна. Энэ дотор цаатан иргэдийн ахуй амьдрал, эдийн засгийн тулгамдсан асуудлууд, боловсрол, эрүүл мэндийн асуудал багтаж байна.
 
Өмнөх Засгийн газрын үед цаатан иргэдэд чиглэсэн бодлого хэрэгжиж байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг шиг ингэж хүн рүүгээ чиглэсэн цогц бодлогын төвшинд авч үзэж байгаагүй. Цаатан иргэдэд чиглэсэн цогц бодлогын хэмжээний зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа гаргаад байна” гэлээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш