Монгол Улсын иргэн, 6 настай С.Амарбаясгаланг БНСУ-ын “Инчеон” олон улсын нисэх онгоцны буудлын транзит танхимд харгалзах хүнгүй, ганцаараа байгаа тухай мэдээлэл 3 дугаар сарын 31-ний өдөр ГХЯ-нд ирсэний дагуу тус яам болон Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ хүүхдийн ар гэртэй нь холбоо тогтоож, хүүгийн эцгээс тус яаманд ирүүлсэн өргөдлийн дагуу С.Амарбаясгаланг тухайн өдрийн “Корейн Эйр” компанийн оройн нислэгээр Монгол Улсад буцаан ирүүлэв.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудалд С.Амарбаясгаланг эмчийн үзлэгт оруулж, хууль, хяналтын байгууллагын шийдвэрийн дагуу ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөв. Цаашид, иргэд бага насны хүүхдээ гадаад улс орон руу харгалзах хүнгүй явуулах асуудалд болгоомжтой хандаж байхыг тус яамнаас зөвлөж байна.