logo
Монгол улсын иргэн Ч.Тэргэлсарыг олоход туслахыг хүсэв

Монгол улсын иргэн Ч.Тэргэлсарыг олоход туслахыг хүсэв

2013/04/02

Гадаад харилцааны  яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар саяхан Филиппин, Сингапур, Малайз улсад томилолтоор ажиллаж монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн яриа хэлэлцээг өрнүүлжээ.

Тухайлбал, Филиппин Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Жэйм Виктор Б.Лэддатай уулзаж хоёр орны иргэдтэй  холбоотой асуудлаар мэдээлэл солилцов.

2012 оны 11 дүгээр сард  Монгол Улсын иргэн Т.Аятунгаа  Филиппин Улсад зорчиж явахдаа түүний хүүхдийн эцэг Сэйнт Киттс ба Невис Улсын иргэн Чарльз Эдвард Эргентэй маргалдаж, улмаар хүүхдийн эцэг нь хүүхдээ авч зугтсан төдийгүй шүүхэд хандаж манай иргэнийг хүүхэдтэй зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гаргуулсан тухай дурдаж  хүүхдийг эх оронд нь буцаах болон Монгол улсын иргэн Ч.Тэргэлсар нь одоо хаана байгаа, бусад улсын иргэншил авсан эсэхийг тодруулж өгөхийг айлын талаас хүсэв.

Мөн Монгол Улсын иргэн Б.Солонго, Т.Аятунгаа нарыг ямар нотлох баримтыг түшиглэн шүүхээс шийдвэр гаргасныг тодруулах, тэдний  гадаад паспорт,  бичиг баримт, бусад эд зүйлсийг  Монгол Улсад шилжүүлэн авах талаар туслалцаа хүссэн байна.

Филиппины тал Чарльз Эдвард Эргенийг  Филиппин улсын иргэн биш болохыг нотолж уг иргэн нь 2012 оны 12  дугаар сарын 7-ны өдөр Филиппин улсаас гарч явсан, Ч.Тэргэлсар нэртэй иргэн тус улсын хилээр орж гарсан тухай ямар нэг мэдээлэл байхгүй болохыг уулзалтын явцад шалган тодруулж өгөв. Мөн Монгол Улсын иргэн Б.Солонго, Т.Аятунгаа нар нь өөрсдөө гэм буруугүйгээ  нотлосон бичиг баримт ирүүлээгүй,  шүүхээс дуудсан цагт өөрсдөө ирээгүйгээс тэдний эсрэг  шийдвэр гаргахад нөлөөлсөн байх гэсэн хариу өгөв. Манай тал Монгол улсын иргэн Б.Солонго, Т.Аятунгаа нар нь Интэрполоор эрэн сурвалжлагдаж буйгаар зарлагдсан нь хууль бус бөгөөд Чарльз Эдвард Эрген нь манай иргэдийн эсрэг хуурамч баримт бүрдүүлэн үндэслэлгүй шийдвэр гаргуулсныг айлын талд мэдэгдэв.  

Дээрх асуудлуудтай  холбогдуулан иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар Филиппины талтай яриа хэлэлцээ өрнүүлж, цаашид баримт бичиг байгуулах талаар санал солилцлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш