Монгол Улсаас Будапешт хотноо суугаа Элчин сайд Т.Ганди ЭСЯ-ны дипломат ажилтнуудын хамт 3 дугаар сарын 27-нд Унгарын Чонград мужийн төв Сегед хотноо ажиллалаа.
Элчин сайдыг Чонград мужийн дарга, Унгарын Парламентын гишүүн Мадьяр Анна, түүний орлогч дарга нар хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Элчин сайд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдлын талаар танилцуулав. Мөн удахгүй болох Эдийн засгийн асуудлаар хамтран ажиллах Монгол-Унгарын Засгийн газар хоорондын хамтарсан IV хуралдааны бэлтгэл ажлын талаар товч мэдээлж, хоёр орны хоорондын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Ялангуяа аймаг, муж, орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, байгаль орчин, усны чиглэлээр хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, түүний дотор мах, сүүний эрчимжсэн жишиг загвар аж ахуй болон мал нядалгааны хөдөлгөөнт цехийг байгуулах, малын тэжээл бэлтгэх, малын тэжээлийн ургамлыг тарих төслүүдийг хамтран хэрэгжүүлэх саналыг Унгарын талд тавив.
Чонград мужийн дарга, Унгарын Парламентын гишүүн Мадьяр Анна хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Элчин сайдтай санал нэг байгаагаа илэрхийлж, Монголын талын тавьсан тодорхой саналуудыг холбогдох байгууллагуудынхаа хамт судлан үзэж, ажил хэрэг болгохоо мэдэгдэв.
Түүнчлэн Элчин сайд 30000 оюутан суралцдаг Сегедийн их сургууль, Унгар төдийгүй дэлхийд алдартай “Пик Салами” хиамын үйлдвэрт зочлов.
Сегедийн их сургуулийн гадаад харилцаа, олон нийтийн асуудал хариуцсан проректор, Проф. Др. Пал Йожеф, тус сургуулийн Алтай судлалын тэнхмийн эрхлэгч Проф. Др. Мариа Иванич нар болон зарим оюутантай уулзан боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцон, сургуулийн орчин үеийн номын санг үзэж сонирхлоо.
Сегедийн их сургуульд болсон уулзалтын үеэр Элчин сайд Унгар дахь Монгол судлалыг хөхиүлэн дэмжиж ажиллах, тус сургуулийн Алтай судлалын тэнхимд монгол хэлний багш ажиллуулах, улмаар Алтай судлалын тэнхимийг түшиглэн “Монгол судлалын төв” байгуулах, энэ талаар сургуулийн зүгээс төсөл, хөтөлбөр гаргах, оюутны тоог нэмэгдүүлэх, түүний дотор өндөр технологийн салбарт суралцагсдын тоог нэмэгдүүлэх, багш харилцан солилцох зэргээр сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх санал тавив. Их сургуулийн зүгээс Монгол бичгийн сурах бичиг, хэлний толь бичгийг олж өгч туслах талаар дэмжлэг үзүүлэхийг Монголын талаас хүсэв.