Тэрээр мэдээллийн эхэнд хэлэхдээ “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаад 3 жил гаруй болж байна. Гэтэл байгалийн нөөцийн эзэд болох Монгол Улсын иргэд бидний байгалийн нөөцдөө эзэн нь байх халдашгүй эрх зөрчигдөж байгаа тул миний бие олон улсын түвшинд асуудлыг тавьж байна” гэлээ.
Мөн “Рио тинто” компанийн хувьд Оюутолгой ордыг ашиглалтад оруулахтай холбоотойгоор анхны хөрөнгө оруулалтаа гэрээнд зааснаас бараг хоёр тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн, шинэчлэлийн Засгийн газрын сайдууд хөрөнгө оруулагч талтай хоёр ч удаагийн хэлэлцээр хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байгаа. Тиймээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг хэллээ.
С.Ганбаатар гишүүн “Рио Тинто” компанийг 4 үндэслэлээр шүүхэд өгч байгаа аж. Эдгээрээс үндэсний аюулгүй байдалд хамгийн ихээр хор хохирол учруулахаар заналхийлж байгаа нь усны асуудал. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн өнөөдрийн хүчин чадлаар усны хэрэгцээг нь тооцвол Гүний хоолойн усны тогтоогдсон нөөцөөс /жилд 35,4 сая м3/ хамаагүй давж байгаа бөгөөд Монголын усны эрдэмтдийн гурван хувилбараар тооцоолсноор 37.8, 54.7, 82.1 сая м3 гэсэн ус ашиглах тооцоо гарсан байна. Гэтэл Оюутолгойд зөвшөөрөгдсөн усны хэмжээ нь 27,4 сая м3 гэж тогтоогдсон гэдгийг тэрээр онцолж байлаа.