2012 онд Жижиг дунд үйлдвэрийн сангаас нийт 106 аж ахуй нэгжид 2,9 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бичил зээлд 7630 аж ахуй нэгж, нөхөрлөл хамрагдаж 19,1 тэрбум төгрөгийн зээл авсан бол 211 төслийн 700 хүнд нийт 703 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг өгчээ. Эдгээр зээл, санхүүгийн дэмжлэг бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаатай Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр танилцаж, хөдөлмөр эрхлэгчидтэй уулзлаа.
ЖДҮ-ийн сангаас жилийн 7 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай 200-350 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэл эрхэлсэн жинсэн хувцасны “Урбан жинс”, барилгын болон гоёлын чулуугаар тавилга үйлдвэрлэдэг “Стоун крафт” ХХК-иар эхлээд очлоо.
Авсан зээлээрээ үйлдвэрийн байраа тохижуулж, тоног төхөөрөмж авсан гэж “Урбан жинс” үйлдвэрийнхэн танилцуулаад нэг загварын жинсэн хувцас олноор нь үйлдвэрлэдэггүй, захиалагчийн өгсөн өнгө, загварын дагуу хийдэг гэж хэллээ. Сүүлийн хоёр сард 15 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал Монголын жинсин хувцасны зах зээлийн таван хувийг хангаж чадна гэж тус компанийн захирал хэлсэн юм.
АНУ-д ажиллаж байгаад ирсэн залуус “Стоун крафт” гоёлын чулууны үйлдвэрийг ажиллуулдаг, сүүлийн үед өөрсөд шиг нь АНУ-д ажиллаж байгаад ирсэн залуучууд ийм үйлдвэр байгуулж өрсөлдөгч компаниуд бий болж байгаа талаар ярилаа.
Эднийх 20 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Тэд Ерөнхий сайдтай уулзахдаа хувь хүн өөрөө мэрийгээд, зүтгэвэл Монголдоо ажиллаад, сайхан амьдрах боломж байна гэж хэлж байлаа.
Ерөнхий сайд дараа нь Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвд очлоо. Хийж бүтээе, зүтгэе гэсэн эрмэлзэл, чин хүсэлтэй хүмүүс дүүргийнхээ энэ төвд ханддаг. Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвд 19 бойжигч байгаа бөгөөд дэмжлэг авсан 600 орчим хүндээ зөвлөгөө өгч ажилладаг байна.
Ажлын байр хямд түрээслүүлж, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж ажиллах хүч олж өгөх, сургалтад хамруулах, үзэсгэлэн худалдаанд зуучилж бүтээгдэхүүнийг нь сурталчлах зэрэг үйлчилгээг энэ төвийнхөн үзүүлдэг. Энд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 5-10 сая төгрөгийн зээл болон 2-4 саяын дэмжлэг авсан хүмүүс үйлдвэрлэлээ явуулдаг ажээ. Ийм боломжийг Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас олгож байна. Тиймээс хичээж зүтгэж ажиллахыг Ерөнхий сайд тэднээс хүсэж байлаа.
Инкубаторт хоёр жил бойжсон аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчлах, борлуулах ажиллагаа хэрэгтэй байгаа талаар иргэд хэллээ.
Тухайлбал, иргэн Д.Эрдэнэчимэг тус төвд өнгөрсөн оны 11 дүгээр сард үндсэн бойжигчоор элсчээ. Бээлий сүлжих, бэлэн болгогч нийт 17 машин Хятадаас оруулж ирээд ажлын болон ноосон бээлий үйлдвэрлэж байна. Өдөрт 1000 ширхэг бээлий үйлдвэрлэх хүчин чадалтай, хөвөн даавуун утсаар нэхсэн, зузаан, өмсгөл томтой бээлийгээр томоохон үйлдвэрийн газруудыг хангаж ажиллаж чадна гэдгээ Д.Эрдэнэчимэг Ерөнхий сайдад танилцуулж байлаа.
Ноос, ноолуур, оёмол, сүлжмэл эдлэл, эсгий болон ширэн гутал, таавчиг, ажлын болон сурагчийн хувцас, плитаны цавуу, заамаск зэрэг монгол брэндүүд зах зээлд гарахаар инкубаторт бойжиж байгаатай Ерөнхий сайд танилцаад чанар, өнгө үзэмж сайтай, үнэ хямдтай эдгээр бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл хэрэгтэй. Энэ асуудлаар Засгийн газар анхаарч, хөдөлмөрч, ажилсаг иргэдээ дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.