Бага хурлын нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Гадаад хэрэг, худалдааны яамны Зүүн хойд Азийн газрын захирал Пак Жөн Ен нар оролцож баяр хүргэж үг хэллээ. Элчин сайд БНСУ-д Монгол судлалыг үүсгэн хөгжүүлэх, Монголыг сурталчлан таниулах талаар Монгол судлалын нийгэмлэг идэвх санаачилгатай ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд монголч эрдэмтэд, судлаачидтай санал солилцож нягт хамтран ажиллахыг онцлон тэмдэглэв.
Эрдэм шинжилгээний бага хурал орон судлал, түүх, угсаатан судлал, монгол хэл шинжлэл, соёл судлал, залуу судлаачдын эрдмийн ажил гэсэн дөрвөн салбар хуралдаанаар үргэлжлэн явагдав. Хуралд Монгол, БНСУ, Өвөр Монголын 50 гаруй эрдэмтэн судлаач оролцож, Монгол дахь Солонгосын хөрөнгө оруулалтын чиг хандлага, орон нутгийн шууд харилцааны өнөөгийн байдал, БНСУ-ын шинэ Засгийн газрын Монголын талаарх бодлого, Монгол дахь хадны сүг зураг, хүн чулууны онцлог, Солонгос, Монголын дуу хөгжмийн хэлхээ холбоо, “Жангар” туульсын онцлог зэрэг 17 сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.