logo
400 мянган ихэр төл бойжиж байна

400 мянган ихэр төл бойжиж байна

2013/04/03
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас авсан мэдээллээр улсын хэмжээнд нийт 14,2 сая эх мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 3,2 сая мал төллөж, 3,6 сая төл бойжиж байна. Улсын хэмжээнд 400 мянган ихэр төл бойжиж буй бөгөөд жил жилийн хаварт гурван сая орчим мал ихэрлэдэг ажээ.

Мал төллөлт болон хаваржилтын байдлын талаар ҮХАА-н яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Наранчулуунаас тодрууллаа.

-Өвлийг өнтэй давж чадав уу. Хаваржилт хүндрэх төлөвтэй аймаг орон нутаг байна уу?

-Энэ жилийн хувьд өвөлжилт хүндэрсэн хэд хэдэн аймаг байсан. Архангай, Завхан, Увс, Өвөрхангай, Хөвсгөл, Төв, Баянхонгор, Дорнод аймгийн хэд хэдэн сум өвлийг өнтэй давж чадахааргүй байсан. Өвлийг өнтэй давахын тулд Засгийн газраас 4,4 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн “Малчдадаа туслая” аяны хүрээнд 687 тонн тэжээл, 50 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүргүүлсэн. Энэ бүхний дүнд өвлийг айхтар хүндрэлгүй давсан гэж болно. Хаваржилт хүндэрч болзошгүй аймаг суманд манай яамнаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа. Одоогоор Дорнод аймгийн Халх гол суманд цас ихтэй, малын хорогдол их байна.

-Хаваржилт хүндэрсэн Халх гол сумынхан өвлийн бэлтгэлээ хэр хангасан бэ. Зөвхөн улсын гар хараад намар бэлтгэл хангаагүй газрууд байдаг шүү дээ?

-Халх гол сум хадлан, тэжээлээ сайн базаасан байсан. Цаг агаарын хүндрэлээс шалтгаалаад байдал хүндэрсэн. Одоо ч тал хээр газартаа 60-70 см цастай байгаа. Зам гаргагчаар цас цэвэрлэж байж тусламжаа хүргэсэн. Сумын хувьд өвлийн бэлтгэлээ базаагаагүйгээс хаваржилтад нөлөөлсөн зүйлгүй.

-Халх гол суманд мал ихээр хорогдсон гэсэн. Улсын хэмжээнд малын хорогдол хэр байна вэ?

-Өнөө өглөөний мэдээллээр улсын хэмжээнд 203 мянган толгой мал хорогдоод байна. энэ нь оны эхний нийт малын 0,46 хувьтай тэнцэж байгаа юм. Урьд жилийн мөн үетэй харьцуулахад бага зэрэг өндөр боловч хэвийн хорогдол гэж хэлж болно.

-Хэдий хэрийн хорогдлыг хэвийн гэж үздэг вэ?

-Нийт малын хоёр хувь хүртэлх хорогдлыг хэвийн гэж үздэг.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш