logo
Эмзэглэл хийгээд эмгэнэл

Эмзэглэл хийгээд эмгэнэл

2013/04/03
“Болдоггүй бор өвгөн”, “Эрхий мэргэн”, “Цуутын цагаагч гүү”, “Хөхөө Намжил” гээд л морьтой холбогддоггүй Монголын үлгэр, домог гэж байдаг ч юм уу даа. Монгол баатрууд мориноосоо буулгүй дэлхийн талыг дайтан хэмжиж, эдүгээг хүртэл Монгол хүн морь хоёрын нандин холбоо үргэлжилсээр л байна. Тиймдээ ч морь унаж чаддаггүй Монгол хүн байдаггүй гэсэн үг гарсан биз. Энэ бол ёстой л үнэн үг юм билээ. Би хот хүрээ газар өссөн болохоор 20 нас хүртлээ морь унах нь битгий хэл сундлуулж ч үзээгүй байсан юм. Нэг удаа найзуудтайгаа Тэрэлж рүү аялалаар явж, тэр болгон морь унах боломж олдоод байдаггүй хотын бидэнд зориулсан 5000 төгрөгний түрээстэй морь унуулах үйлчилгээтэй таарлаа. Найзууд ч морио унаад ум хумгүй алга болоод өгөв. Ингээд Монголоо алдсан би түрээсэлж авсан морьтойгоо үлдэх нь тэр. Хэдийгээр би өмнө нь морь унаж огт үзээгүй ч гэлээ зөв талаас нь мордох, залж чиглүүлэх техникийг нь гадарлах учраас унахаар шийдэв. Сонирхолтой нь морь яаж унахыг хэн ч надад зааж өгөөгүй бөгөөд ёстой л нөгөө Монгол хүний цус, гениндээ шингэчихсэн байдаг зүйл юм болов уу гэж бодогдсон. Ийнхүү морь унаж чаддаггүй гэж нөхөддөө гоочлогдохоос аврагдаж, хэзээний л адуучин шиг мордоод давхичихаж билээ. Морь унах нь зохидог Монголчуудаас өөр үндэстэн байхгүй гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх. Өдөр алгасахгүй телевизээр гарч байгаа Солонгосын түүхэн сериалд гарах морьтон баатрууд нь морины нуруун дээр мануухай уячихсан аятай үнэхээр зохимжгүй, инээдтэй харагддаг. Тиймээс Монгол хүн морь хоёрын харилцаа хэдэн зууны тэртээгээс өдийг хүртэл хамт явсаар иржээ. Монголчууд бид техник технологийн нөлөөнд автаж, нүүдэлчин өв соёлоосоо бага багаар холдсоор байна. Энэ үед Монгол хүн морь хоёрын харилцаа зугаа цэнгэл, ашиг хонжоо хайсан хэрэгсэл болж, аргамаг хүлгэндээ хог мэт хандаж, цаашлаад эрдэнэт хүний амь үнэгүйдэх болов. Тиймээс энэ нь яалтачгүй хөндөх ёстой сэдвийн нэг билээ.
 
Эмзэглэл
Өнөө цагт мориныхоо уяа сойлгыг тааруулж үзээгүй мөртлөө хамаг гавъяа цолыг нь  өөртөө наадаг “машинаасаа бууж үзээгүй  уяачид” олширов. Мөнгө гэдэг хүчирхэг зэвсэг гарт байгаа цагт улс, аймгийн алдарт уяач болох боломж над шиг хот газар өссөн, морины талаар мэдлэг маруухан хүнд ч нээлттэй болжээ. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү маньд хамаагүй ч гэлээ өөрийнх нь алдар нэрийг дуурсгаж яваа ажнай хурдан хүлгээ амьд амьтан гэдгийг мартаж, машин техник мэтээр хандах болсон нь үнэхээр эмзэглэмээр зүйл. Хүнийг адуунаас дор үзэж, үнэлж байна гэсэн хүмүүсийн шүүмжлэл үнэн ч гэлээ Монгол хүний хамгийн сайн нөхөр хурдан хүлгийн талаар тэр бүр яригддаггүй билээ. Жилд болдог 300 орчим наадамд дунджаар 700 гаруй хурдан хүлэг үрэгддэг гэсэн судалгааг Амьтны эрх хамгаалах сан, Үндэсний мал эмнэлгийн холбооныхон гаргажээ. Энэ нь өвсөөр хооллодог хурдан морь ховордож, тусгай бэлдмэлээр бордуулж, тариа шахуулдаг болсонтой холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм. Уурын галт тэргэнд нүүрс хийхийн хэрээр хурдалж, ачаалал нь ихэдвэл дэлбэрдэгтэй яг адил элдэв төрлийн эм тариа шахуулсан морины бие цаашид давхих тэнхэлгүй болсон ч гэлээ тариулсан сэргээшнийхээ нөлөөгөөр зогсохоо мэдэхгүй хурдалдаг байна. Мэдээж морь гэдэг амьтан амьд организм учраас ачааллаа даахаа болиод ирэхийн цагт доторх эрхтэн нь уурын зуух дэлбэрэхээрээ ажиллагаагүй болдогтой адил болж үхэх нь ойлгомжтой. Харин барианы зурхайд амьд ирсэн хэсэг нь гурван жил л уралдах настай болдог гэж ярих  юм билээ. Иймээс зугаа цэнгэл, алдар нэрийн төлөө, эр хүний хийморь болсон амьтнаа зольж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлмээр зүйл. Өнгөрсөн жилийн наадмаар л гэхэд барианы зурхайн наах нь талд морь бахардаж унахыг би өөрийн нүдээр харсан юм. Унаач хүүхэд мориныхоо эмээлийг тайлж, хамгаалалтын хоёр цагдаа ирээд аврахыг оролдсон ч хэдийнэ хожимдсон байлаа. Удалгүй уяач нь ирж амьсгал хураасан мориныхоо дэл сүүлнээс хайчлан аваад хазаарыг нь тайлж ч амжаагүй байхад хогны машин ачихаар ирж байгаа юм. Угтаа бол энд хамгийн түрүүнд мал эмнэлэгийнхэн ирэх ёстой шүү дээ. Эрдэнэт буян ажнай хүлгээ хог мэт ачсан энэ үйл явдал Хүй долоон худагт хуран цугласан наадамчин олны сэтгэлийг ихээр эмзэглүүлж байгаа харагдсан ч унаач хүүхэд уяачийн дэргэд харьцангуй гайгүй мэт санагдсан. Уяачийн харамсаж байгаа царай, эмээлээ тэврээд алхаж буй хүүгийн тэр дүр зураг үнэхээр өрөвдөлтэй бас сэтгэл эмзэглүүлмээр. Магадгүй энэ үйл явдлын цаана морины талаар мэдлэг маруухан тариа шахахыг шаардаж, үүрэг даалгавар өгөн суудаг “машинаасаа бууж үзээгүй уяач” байхыг үгүйсгэхийн аргагүй билээ. Тиймээс өнөөгийн хурдан морины уралдаан бидний төсөөлдөг шиг байхаа больсон. Хурдан моринд тариа шахаж алдаг увайгүй энэхүү үйлдэлд холбогдох байгууллагууд нь анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай байна. Тал нутгийнхаа шимт өвсөөр хооллодог тэнгэрийн үнэртэй Монгол адууны уралдаан хэзээ эргэн ирэх юм бол доо.   

Эмгэнэл
Сүүлийн үеийн уралдаанууд хурдан морины гэхээсээ илүүтэйгээр машины уралдаан болон хувирч, яг л гольф шиг баячуудын зугаа цэнгэлийн хэрэгсэл болон хувирсан гэхэд хэлсдэхгүй. Хурдан моринд тариа шахаж, уралдааны талбайд үрэгдэх нь ингээд дүүрч гэж бодъё, гэтэл эрдэнэт хүний бие цогцос хутганы ирэн дээр давхиж, амиа алдах тохиодол ихэслээ. Ухаан орж ч амжаагүй, амьдралын амтыг мэдэрч ч үзээгүй нялхаараа шахуу хүүхдүүд унаач хэмээх “торгуулын салаанд” харьяалагдаж, сард ердөө 150-хан мянган төгрөгний төлөө амь насаа гаргуунд гаргана гэдэг ариун явдал уу. Өнгөрсөн оны Улсын баяр наадмаар л гэхэд 200 гаруй хүүхэд мориноос унаж бэртсэн гэх мэдээлэл байна. Үүн дээр жижиг том нийлсэн наадмуудын үеэр гэмтэж бэртсэн хүүхдүүдийн тоог нэмвэл хэд хүрэх юм бүү мэд. Ердөө сарын өмнө явагдсан “Дүнжингарав 2013” уралдааны үеэр л гэхэд 10 гаруй хүүхэд мориноос унаж хүзүүний хугарал, тархи, нүд, тулгуур ясны хүнд гэмтэл авсан байгаа юм. Мөн тус уралдааны үеэр мориноосоо унасан хүүхдийг машин дайрсан гэх мэдээлэл ч гараад байна. Угтаа бол Монголчууд өвлийн цагт мал, хүүхэд хоёрыг зовоохгүйн тулд хурдан морины уралдаан явуулахыг цээрлэдэг байсан гэдэг. Ер нь эрүүл ухаанаар бодоход өвлийн тэсгэм хүйтэнд мориор уралдана гэдэг, хүүхэд битгий хэл нас биед хүрсэн хүнд бэрх даваа билээ. Ёстой л нөгөө Маск продакшны хошин шог дээр нус нь дээшээ суга хөлдөж, хавар болохоор гийнгоо нь гэсдэг гэдэг шиг хацраа хайруулах, хуруу гараа хөлдөөх бол энгийн үзэгдэл болчихсон байгаа юм. Эндээс нэгэн хачирхалтай зүйл ажиглагдаж байна. Хурдан морь унадаг хүүхдүүдийн төлөө хотын бид гаслаад байхад төрүүлж өсгөсөн эцэг эх нь яагаад юу ч дуугарахгүй байгаа хэрэг вэ. Уяачдын амлалт, унаач хүүхдийнх нь сарын 150 мянган төгрөгийн цалин амьдралд нь хүрэлцээтэй байна гэж баймааргүй л юм. Тухайлбал би 150-хан мянган төгрөгний төлөө өөрийн хүүхдээ аюулд оруулна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энд хөдөөний хүний цайлган зан, аль эсвэл малчин эцэг эхчүүдтэй хийсэн уяачдын тохироо, ядуу зүдүү, боловсролгүйгээр нь далимдуулсан маш том тархи угаалт яваад байх шиг. Монгол Улсын Засгийн газраас хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хэлэлцэн өвлийн хурдан морины уралдааныг хориглосон ч он гарснаас хойш улсын хэмжээнд зургаан уралдаан болсон байгаа юм. Тиймээс хурдан морины уралдаан өвөл зуны алинд ч ялгаагүй явагдаж, он гарснаас хойш хоёр ч хүүхдийн эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт үйл явдал тохиолоо. Монголчууд бид дэлхийд ганц Монгол наадмаараа хүчит бөхөө барилдуулж, хурдан морь уралдуулж, сур харваачдынхаа цэц мэргэнийг сорин цэнгэдэг ард түмэн. Эдгээрээс хамгийн эрсдэлтэй нь хурдан морины уралдаан учраас унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх нь маш чухал байна. НҮБ-аас үүнийг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр хэмээн шүүмжилдэг ч хурдан морийг хүүхэд унах нь эртнээс нааш улбаалан ирсэн өв соёл учраас шууд хориглочихно гэдэг бас л асуудалтай. Гэхдээ хичнээн өв соёл, уламжлал байлаа ч Монголын ирээдүйн нэгээхэн хэсэг болсон хүүхдүүдээ эрх дархтай хэсэг бүлэг эрхмүүдийн зугаа цэнгэлийн боол болгоно гэдэг байж болшгүй зүйл. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулиудаас ганцад нь л унаач хүүхдийн эрхийг хамгаалсан  заалт бий. Энэ нь 2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12-р зүйл дээр байдаг “Баяр наадмын хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослыг даатгуулсан байна” гэсэн ганц өгүүлбэр юм. Мөн Засгийн газрын 2005 оны 119-р тогтоолоор батлагдсан “Үндэсний их баяр наадмын дүрэм” гэж бий. Тус дүрэмд хурдан морины уралдааны билчээр, худаг ус, морьтой холбоотой асуудлыг зохицуулж өгөхөөс гадна унаач хүүхдүүдийг ослын даатгалд заавал даатгуулах ёстой, тусгай хамгаалалтын хувцас хэрэглэл, түүн дотроо малгай, цээживч, өвдөг тохойны болон гуталд таарсан хамгаалалт зэргийг хангасан эсэхийг шалгах зэрэг заалтууд бий. Одоогоор энэхүү дүрмийг дагаж мөрддөг ч гэлээ нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг шиг дугуйт тэшүүрийн дуулга, өвдгөвч, тохойвчоор аргацаалан, бүхэл бүтэн хүний амийг 100-хан мянган төгрөгөөр даатгуулж байна. Тэгсэн хэрнээ морио 800 саяар даатгуулсан ч гэх шиг, хүний үнэргүй эмгэнэлтэй зүйл ихээр сонсогдох боллоо. Тиймээс он гарснаас хойш хоёр хүүхдийн амь насыг авч одоод байгаа хурдан морины уралдааны дүрэм журмыг өөрчилж, илүү мэргэжлийн тал руу нь хөгжүүлмээр байна. Үүний тулд мэргэжлийн байгууллагын шинэ менежмент л хэрэгтэй байх. Магадгүй одоогийнх шиг ийм эмгэнэлтэй тогтолцоо хүний эрүүл мэндийг юман чинээ тоохоо больсон хэсэг бүлэг эрхмүүдийн өөрсдийнх нь хүүхдүүд унаач болсон цагт л арилах байх. Уг нь 2011 онд Монголын Хүүхдийн төлөө үндэсний газар, Морин спорт, уяачдын холбоотой хурдан морины унаач хүүхдийн тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм билээ. Гэтэл санамж бичиг хүүхдийн эрхийг хамгаалахаас илүүтэйгээр хувцас хэрэгсэл өмсгөх, насны хязгаар зэрэг лүү чиглэсэн далий зүйл болoн хувирсан байгаа юм. Хүний эрхийн үндэсний комиссынхон хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн тоонд хурдан морины унаач хүүхдийн асуудлыг оруулахаар эрчимтэй ажилласан ч Монголын төрт ёсны уламжлал яагаад хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр болчихдог юм хэмээн эрх мэдэлтнүүд хүлээж аваагүй аж. Хэдийгээр энэхүү асуудал олон эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч гэлээ эхнээсээ сайн мэдээ дуулдаж эхэллээ. Энэ нь УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг өнгөрсөн сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуягт хандан  шаардлага хүргүүлсэн явдал юм. Тэд өөрсдийн санаачилсан Морин уралдааны тухай хуулийн төслөө энэ хаврын УИХ-ын чуулганы үеэр өргөн мэдүүлэх бөгөөд дараах шаардлагыг хүргүүлжээ.
“Нэг. Монгол Улс Үндэсний баяр наадмын тухай хуультай боловч бусад хурдан морины уралдааныг зохицуулах тухай тусгайлсан хууль байхгүй байгаа нь уралдаан дагасан сөрөг үзэгдэл, түүний дотор хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хүн ёсны эрх зөрчигдөх шалтгаан болж байна. Одоо зохион байгуулж байгаа уралдаанууд “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм” болон “Монголын морин спорт, уяачдын холбооны уралдааны дүрэм”-ээр зохицуулагдаж байгаа ч тэдгээрт хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх байгууллага, эзэн тодорхойгүй, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо тусгагдаагүй байна. Иймд Засгийн газраас дараах зайлшгүй зохицуулалтыг тусгасан Морин уралдааны тухай хуулийг санаачилж хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
1. Бүх төрлийн морин уралдааны үед морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах аюулгүй байдлын шаардлага, үндэсний стандартыг тодорхой болгох. Тэдгээрийг хэрэгжүүлэх, хяналт тавих хариуцлагын тогтолцоог тодорхой хуульчлах. Хууль зөрчиж, хариуцлага алдсан этгээдэд оногдуулах хариуцлагыг хатуу тогтоох.
2. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын эрх, үүрэг оролцоог баталгаажуулах
3. Унаач хүүхдийн амь нас, болзошгүй ослын тусгайлсан даатгалыг буй болгож, бүх унаач хүүхэд уг даатгалд хамрагдах шаардлага, нөхцөлийг хуулиар бүрдүүлэх
4. Өвлийн морин уралдаан бага насны хүүхдийн эрүүл мэндэд учрах эрсдлийг ихээхэн нэмэгдүүлж байгаа бодит байдалд дүгнэлт хийж, одоо мөрдөж байгаа дүрмээр “тухайн жилийн намрын дунд сарын 17-ноос хаврын тэргүүн сарын 3-ны хугацаанд морин уралдааныг хориглосон” хугацааг сунган “хаврын адаг сарын 17” болгож өөрчлөх
5.Хэт бага насны хүүхдээр морь унуулахгүй байх. Унаач хүүхдийн насны доод хязгаарыг хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенци, эцэг эхчүүд, олон нийтийн санал бодолд тулгуурлан хуулиар тогтоох
6.   Морин уралдааныг мэргэжлийн спорт болгон хөгжүүлэхийг түлхүү дэмжсэн бодлогын зохицуулалтыг буй болгох
7. Улсын их баяр наадмаас бусад үед Засгийн газрын тогтоолоор элдэв морин уралдаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг зогсоож морин спортын холбогдох төрийн бус байгууллага нь спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэж хариуцлагаа хүлээдэг тогтолцоог бий болгох.
Хоёр. Засгийн газраас холбогдох тооцоо судалгаа, олон нийтийн өргөн хэлэлцүүлэгт суурилсан хууль боловсруулж өргөн барих нь зүйтэй бөгөөд хууль өргөн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэлх хугацаанд дахин бага насны хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирох нөхцлийг гаргуулахгүй байх шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг онцгойлон хүсч байна.” гэжээ
Ямартай ч хурдан морины уралдаан хоёр хүүхдийн амь насыг авч одсоны дараа эрх барих байгууллагууд энэхүү асуудал руу анхаарч  эхэллээ. Харамсалтай нь энэхүү хуулийн төсөлдөө морьддоо сэргээш тариа шахдаг уяачдыг илрүүлж арга хэмжээ авах талаар огт дурсаагүй байна. Гэхдээ үүнийг Улсын баяр наадам зохион байгуулах дүрмэндээ оруулаад шийдчих боломжтой болов уу. Мэдээж тус хууль УИХ-аар батлагдвал сайн хэрэг. Харин хууль гууль болж хувирдаг манай улсын хувьд хэрэгжилтийн тал дээр ямар байх нь таавар мэт билээ. Аливаа хуулийн хэрэгжилт хүний ухамсраас ихээхэн хамааралтай учир уяачид ч тэр, үр хүүхдээ өгч явуулж байгаа эцэг эхчүүд ч тэр дор бүрнээ үүргээ ухамсарлаж, хамгийн гол зүйл болох хүүхдийн аюулгүй байдалд ул суурьтай хандаж эхэлмээр байна. Тиймээс энэхүү хуулийн төсөл УИХ-аар батлагдаж, аюул осолгүй, тариа сэргээшгүй, эх орны өнцөг булан бүрээс ирсэн хурдан буянууд хуран чуулсан эрт дээр үеэс улбаатай жинхэнэ Монгол хурдан морины уралдаан эргэн ирнэ хэмээн найдаж байна.  

С.Батхуяг
Эх сурвалж: “ Залуучуудын үнэн “ сонин


 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш